Ухаалаг нийтийн тээвэр хөгжинө
Дэлхийн хөгжингүй хотуудын эдийн засгийн хамгийн гол хөшүүрэг нь төвлөрсөн аж ахуйгаас гадна зочид, жуулчдыг сайн татах менежмент байдаг.
Энэ менежментийн тулгуур хөшүүрэг нь авто замын сайн сүлжээ бөгөөд түүнийгээ дагасан нийтийн тээврийн систем болдог. Тийм ч учраас нийслэлийн энэ оноос хэрэгжүүлж нийтийн тээвэр, ухаалаг системийн төлөвлөгөөг УИХ-ын зарим гишүүдэд танилцууллаа.
Манай улс 2030 онд зочид жуулчдынхаа тоог нэмэх зорилтыг тавин ажиллаж байна.Энэ дагуу маш том бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөгдсөн. Хотын даргын танилцуулснаар нийслэлийг зорих хүмүүсийн тооноос ДНБ-ий өсөлт, худалдааны салбар, Монгол брэнд, зам харилцаа гээд олон талт дэвшил гарах нь тодорхой. Үүнийг шийдэхэд хамгийн дөт зам бол нийтийн тээвэртээ олон улсын жишгийг дагасан ухаалаг системийг нэвтрүүлэх явдал гэж үзэж нийслэл засгийн газрын дэмжлэгийг авсан юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 113000 оюутан, 117000 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 4000 цагдаагийн албан хаагчдад үнэ төлбөргүй нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Тэдний өмнөөс улс жилдээ 53 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог. Хэрэв ухаалаг систем нэвтэрвэл энэ асуудлыг шийдэхээс гадна гурван том өөрчлөлтийг авчрах юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: “Нийслэлд гол эдийн засгийн үүргийг хүн авчирдаг. Хот нь хүн авчирч чадахгүй бол нэг салбараас хамаарсан эдийн засагтай болдог. Жишээ нь: Уул уурхайг ойлгож болно.Бид 2030 он гэхэд 5 сая жуулчин авчирдаг хот болгоно. Тооцоод үзвэл нэг жуулчин өдөрт 198 долларын худалдан авалт хийдэг. Таван өдөр байна гэвэл 1000 доллар. Ингэвэл манай ДНБ 30%-иар нэмэгдэнэ.”
Зорчигчид автобусны буудалд байрлах системээс таны автобус хаана явж байгаа, цагаасаа хоцорч байгаа эсэхийг хянах бүрэн боломжтой болно.
Төлбөрийн системийг ухаалгаар өөрчлөнө. Автобусан дотор картаар болон утсаар, төрөл бүрийн чипээр төлбөр хийх систем нэвтэрч эхэлнэ. Хоёрдугаарт: GPS тавигдаад автобусны удирдлагын систем гарч ирнэ.
Ухаалаг нийтийн тээвэрт хэрэгжих удирдлагын системд иргэд, зорчигдыг байнга хүлээлгэдэг цагтай холбоотой асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл зорчигчид автобусны буудалд байрлах системээс таны автобус хаана явж байгаа, цагаасаа хоцорч байгаа эсэхийг хянах бүрэн боломжтой болох юм. Цаашлаад нийслэлийн 200 орчим автобусны буудлыг тус системээр тоноглон тохижуулж мөн өргөтгөхөөр болсон юм. Эхний ээлжинд нийслэлийн нийтийн тээврийн газар дараах ажлыг хийнэ.
Баянгол зочид буудлын хоёр талд байгаа шилэн орчин үеийн автобусны буудал шиг 70-аад автобусны буудлуудыг наадмын өмнө шинээр байгуулж, монголынхоо нөхцөлд тохируулаад томсгож, хүн суудаг болгож тохижуулах талыг баримталж ажиллана. Мөн WIFI системд холбоно.
Эдгээр асуудлыг УИХ болоод Засгийн газрын гишүүдэд тайлбарлан, танилцуулсан нь чухал ач холбогдолтой. Нийслэлийн зүгээс хот тохижилт, дахин төлөвлөлтийн ажилд иргэд болон төрийн саналыг тэгш тусгах болно.