Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэх ажлын хэсгийг нийслэлийн Засаг дарга ахална
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа хүндрэлүүдийг шийдэх, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлэх баталгааг Засгийн газар гаргахаар боллоо.
Ажлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хариуцаж, төслийн техникийн шийдэл, програм хангамжийн найдвартай ажиллагаанд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар хяналт тавих юм. Харин гүйцэтгэлийг "Слайд" ХХК хэрэгжүүлэх бөгөөд нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэхэд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгохоор боллоо.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 24 компанийн 1000 орчим том оврын, 700 гаруй жижиг оврын автобус явдаг. Ахмад настан, оюутан, цагдаагийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн зардалд Засгийн газраас жил бүр 50 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог.
Жилээс жилд нэмэгдэж буй уг нөхөн олговрыг дээрх дөрвөн бүлгийн бүх иргэн өдөр бүр нийтийн тээврээр зорчино гэсэн тооцооллоор өгдөг ч тэдний 35 хувь нь өдөр бүр зорчдоггүй нь судалгаагаар тогтоогдсон байна. Иймд нийтийн тээврээр зорчиж буй дээрх иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нөхөн олговрын хэмжээг бодит дүнгээр олговол улсын төсөв дэх нийгмийн халамжийн зардалд хэмнэгдэх юм.
Ухаалаг системийн тусламжтайгаар зорчигчдын тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын тээврийн хэрэгслийг гэрээнд заасан чиглэл, цагийн хуваарийн дагуу явж байгаа, эсэхийг хянах боломжтой. Автобусны байршил, цагийн хуваарийг иргэд гар утас болон буудлын электрон самбараас харж, бэлэн бусаар төлбөрөө төлөх зэрэг хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн үйлчилгээ авах юм