2014.01.09

Э.Бат-Үүл: Ид хүйтнээр ажил хаясан учраас хариуцлага тооцно

Гурван ес эхэлж байгаатай зэрэгцэн "Автобус-1" компанийнхан өчигдрөөс эхлэн хугацаагүй ажил хаясан.

Тэдний хувьд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзахаас нааш яриа хэлэлцээр хийхгүй хэмээн мэдэгдээд байгаа.

Ингээд энэ талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс дараахь тодруулгыг авлаа.

-"Автобус-1" компанийн ажилчид хугацаагүй ажил хаяад хоёр хонож байна. Зарим нэг автобус баазууд ч үүнийг дэмжиж ажил хаяна гэдгээ зарлаад байна. Хамгийн гол нь тантай уулзахаас нааш яриа хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдсэн?

-Би амраад өнөөдрөөс ажилдаа орж байна. Энэ асуудлыг талаар танилцуулга мэдээллийг авч байна. Ажил хаяж буй үндэслэл юу байна, нөхцөл шалтгааныг тодруулж мэдэх шаардлагатай байгаа. Хамгийн гол нь ид хүйтэн тачигнаж байхад ажил хаялт зарлаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна.

-Та нөхцөл байдлыг судлаж үзээд өнөөдөр "Автобус-1" компанийн ажилчидтай уулзах уу?

-Бие биенээ барьцаалах маягаар ажил хаяж байгаа бол би өөхшүүлэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан мэдээллийн төвшинд хариулж байна шүү. Эмч өвчтэй хүнээ барьцаалж эмчилгээ хийхгүй бол яах вэ. Онгоцны нисгэгч зорчигчдыг барьцаалж нисэхгүй гэвэл яах вэ. Цаашид үүнээс үүдээд буруу жишиг тогтож энэ маягаар ажил хаядаг болчихвол яах юм. Ид хүйтнээр огцом хүйтэрч байхад нийтийн тээврийг зогсоож байдаг. Үүний төлөө хариуцлага тооцно.