МоАХ-ны 1990 оны ховор баримтуудыг дэлгэн үзүүлнэ
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2014.03.06

МоАХ-ны 1990 оны ховор баримтуудыг дэлгэн үзүүлнэ

Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж, ардчилсан хөдөлгөөний үйл хэрэгт зүтгэж явсан гурван эмэгтэй нэгэн үзэсгэлэн дэлгэн үзүүлэх гэж байна.

Өнөөдөр нээлтээ хийх уг үзэсгэлэнд 1989 оны арванхоёрдугаар сараас хойш Ардчилсан холбоог үүсгэн байгуулахад ажиллаж байсан хүмүүсийн баримт бичиг, гэрэл зургийг олонд сонирхуулна.

Тухайн үед ардчилсан хөдөлгөөнд оролцож явсан Улсын барилгын зургийн институтийн Т.Туул, Багшийн сургуулийн номын сангийн эрхлэгч С.Эрдэнэцэцэг, Баянхонгор аймгийн МоАХ-ны Б.Батцэцэг нар үүнийг санаачилжээ.

Ардчилсан хөдөлгөөний үеийн ухуулах хуудас, "Ардчилал" сонин тарааж явсан, жагсаал цуглааны бэлтгэл ажил, бичиг хэргийг хариуцаж явсан эмэгтэйчүүдийнхээ гар дээрх баримтуудыг тэд цуглуулсан байна. Тэдгээр ховор баримт, гэрэл зургийг Ардчиллын ордны хурлын танхимд дэлгэнэ.

Уг үзэсгэлэнд МоАХ-ны анхдугаар хурлын мандат, ухуулах хуудас, чухал бичиг баримтууд, ховор нандин гэрэл зураг гээд архивт байхгүй зүйлсийг анхдагч гишүүдээсээ цуглуулан аваад байгаагаа тэд хэллээ. МоАХ-ны архивт эмэгтэйчүүдийнхээ хадгалж буй баримт, материалуудыг эх хувиар нь үлдээхээр зорьжээ. Богино хугацаанд 49 хүнээс цуглуулсан баримтууд уг үзэсгэлэнд багтсан байна. Энэ удаад Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 1990 оны баримтуудыг нийтэд дэлгэн харуулна. Дараагийн ээлжинд 1991, 1992 он гээд үе шаттайгаар баримт, гэрэл зургийг үзэсгэлэн болгон гаргахаар төлөвлөжээ.

Ардчилсан хөдөлгөөнд гар, бие оролцож явсан хүмүүсийнхээ үйл хэргийг үнэн бодитоор нь гаргаж ирэх, тэднийг таниулах зорилготойгоор тэд хамтран ажиллаж байгаа гэнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд ардчилсан хөдөлгөөний үйл хэрэгт зүтгэж явсан анхдагчид, гишүүд дэмжигчид, УИХ дахь эмэгтэй гишүүд гээд 100 орчим хүнийг оролцуулахаар урилгаа илгээжээ.