Д.Рагчаасүрэн: Багшийн ажлын гол үзүүлэлт бол хүүхэд нэг бүрээ хөгжүүлсэн байдал
Улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Рагчаасүрэн
2014.03.04

Д.Рагчаасүрэн: Багшийн ажлын гол үзүүлэлт бол хүүхэд нэг бүрээ хөгжүүлсэн байдал

Улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Рагчаасүрэнтэй ярилцлаа.

- Цэцэрлэгийн хүртээмж муу, нэг ангид олон хүүхэд хичээллэж буй тохиолдолд бага насны хүүхдийн стандартыг хангаж ажиллаж чадаж байна уу?

Мэдээж хэтэрсэн ачаалал хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны  чанарт нөлөөлдөг. Хүүхэд болгонд хүрч ажиллахад бэрхшээлтэй. Гэхдээ хүүхэд олон байлаа гээд сургалтаа хэлбэрдүүлж хүүхдээ хөгжүүлэхгүй  байж болохгүй. Бага насны хүүхдэд өгөх ёстой хөгжлийн  түвшинг олгохын тулд хүүхэд бүрийн хэрэгцээ сонирхолд тохирсон сургалтын  хөтөлбөр, арга зүйг  боловсруулж ажилладаг. Бид аль болох шинэлэг арга зүй, технологийг эрэлхийлж хүүхэд бүрийг хөгжүүлэхээр хичээж   ажиллаж байна

- Танай цэцэрлэгийн хувьд  ямар арга зүйгээр хүүхэд бүрийг хөгжүүлж байна вэ

2012-2013 онд нийт 181 000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх. Өмнө нь сургууль, цэцэрлэгүүд илүү авьяаслаг, чадварлаг хүүхдүүдтэй түлхүү ажилладаг байсан бол өнөөдөр багш нар хүүхэд бүрийн  далд авьяасыг илрүүлж , хүүхэд бүрт тохирсон   арга зүй, технологио боловсруулан ажиллаж байна. Манай цэцэрлэгийн хувьд хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй багшийн ажлыг үнэлэх, дүгнэх  арга зүй шалгаруулах  улсын уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэн.  Багшийн ажлын гол үзүүлэлт бол  хүүхэд нэг бүрээ хөгжүүлсэн байдал юм. Уг арга зүйг ашиглаж эхэлснээс хойш нэлээдгүй үр дүн гарсан.

- Хүүхдүүдийг нэг цагт унтуулж, нэг цагт хооллох ёстой гэсэн хүмүүжлийн хуучны арга барилыг орчин үед тохирохгүй гэж зарим мэргэжилтнүүд үздэг. Та энэ талаар юу бодож байна?

Миний бодлоор бол энэ арга барил одоо хэлэлцэгдэж  байгаа  “Хүүхэд харах үйлчилгээ” -нд  илүү тохиромжтой . Гадны орнуудад ч ийм зарчим үйлчилдэг. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагын  хувьд тусгай хөтөлбөр, өдрийн дэглэмийн дагуу сургалт хүмүүжлийн ажил явагддаг.  Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн  хөгжлийг хангахын тулд тодорхой дэглэм  байх ёстой. Хэрэв хүүхэд хооллолтын  болон эрүүл ахуйн буруу дадал  зуршилтай болчихсон бол тэрийг нь засах л хэрэгтэй.

- Цэцэрлэгт орж буй хүүхдүүд насны хувьд ялгаатай, өмнө нь хүмүүжсэн орчин, хөгжлийн түвшин харилцан адилгүй байдаг. Энэхүү ялгаанаас үүдэлтэй ямар хүндрэлүүд гардаг вэ?

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого бол хурдацтайгаар өөрчлөгдөн байгаа, нээлттэй ,өрсөлдөөнтэй , мэдээлэлжсэн нийгэмд зохицон амьдрах чадвартай хүүхдийг бага наснаас нь хөгжүүлэхэд өөрийн орны уламжлал ,онцлогт түшиглэн , олон улсын чиг хандлагатай нийцүүлж, эцэг эх, багш, судлаач олон нийтийн оролцоог ханган хамтран ажиллах зарчимд тулгуурлана.

Тэгэхээр хүүхэд бүрд амьдарч буй нийгэм орчиндоо   хүнтэй харилцах харилцаа, жишээлбэл :   өглөө орж ирээд  багштайгаа болон найзтайгаа мэндлэх , гар, шүдээ угаах, орчиндоо хог хаяхгүй, бусдад саад болохгүй байх зэрэг олон хэвшил дадлыг төлөвшүүлэх нь чухал. Гэртээ уг хүмүүжлийг олоогүй, эцэг эх нь буруу сургасан хүүхэд энд ирээд илт хоцрогдонгуй байдаг. Төлөвших насандаа төлөвшиж чадаагүй хүүхэдтэй ажиллахад багшаас нөр их хөдөлмөр шаардлагатай бас эцэг эхийн оролцоо ч чухал . Тийм учраас бид  хүүхэд бүрийг бие сэтгэлээр эрүүл өсгөн бойжуулахад багш, судлаач, эцэг эх хамтарч ажиллахад чиглэл өгч, дэмжлэг үзүүлж ажиллаж байна. 

- Танай цэцэрлэг эцэг, эхчүүдийг сургалт хүмүүжлийн ажилд яаж оролцуулдаг вэ?

Бүх талаар оролцуулахыг хичээдэг. Сар бүрийг эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хамт  нэг үйл ажиллаганд оролцох боломж олгодог . Удахгүй манай хүүхдүүд шүлгийн баяраар ээждээ зориулж цээжилсэн шүлгүүдээ уншина. Энэ мэтээр эцэг, эхчүүд тухайн сард юу зарлагдсаныг мэдэж хүүхэдтэйгээ ажилладаг. Залуу эцэг, эхчүүд хүүхдээ хөгжүүлэх талдаа туршлага мэдлэг дутмаг  учраас сар болгон тэдэнд зориулсан сургалтыг зохион байгуулдаг . Мөн өөрийн цэцэрлэгийн блогыг ажиллуулж сурган хүмүүжүүлэх зөвөлгөө цэцэрлэгийн өдөр дутмын үйл ажиллагааны тухай  мэдээ  мэдээлэл тогтмол өгдөг . 

- Шинэчлэлийн Засгийн Газраас 1,5-3 настай хүүхдүүдэд зориулсан хүүхэд харах үйлчилгээг бий болгож, 3-6 настнуудыг сургуулийн өмнөх боловсролд хамруулах тухай хуулийн төсөл боловсруулж байна. Энэ талаар таны бодлыг сонсъё.

Нэг хүнээс хүүхэд харах уу тариан талбайд ажиллах  уу гэж асуухад тариан талбайд ажиллая аа  гэж хариулсан тухай эртний үг байдаг. Тэгэхээр хүүхэд харах ямар хэцүү ажил гэдэг нь тодорхой. Миний хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа. Учир нь хүүхэд гэртээ харах хүнгүйгээс болж ахуйн осол, гэмтэлд олонтаа өртдөг. Тиймээс “Хүүхэд харах үйлчилгээ” –г дэмжиж байгаа.  Харин хүүхдийг хөгжүүлэх, боловсрол олгох тал дээр  хүүхэд харах үйлчилгээнд учир дутагдалтай зүйл гарч болзошгүй. Хүүхэд харах үйлчилгээнд богино хугацааны сургалтанд хамрагдсан болон тэтгэвэрт гарсан  багш нарыг ажиллуулж болох юм. Энэ үйлчилгээ нээгдсэнээр залуу  эцэг эхчүүд хүүхэдтэй санаа зовохгүйгээр  ажлаа тайван хийх боломж бүрдэнэ. Уг үйлчилгээг хуульчлахдаа холбогдох дүрэм журам, стандартуудыг сайтар боловсруулах хэрэгтэй гэж бодож байна.

- Багш нар их ачаалалтай ажилладаг учраас ар гэртээ зарцуулах цаг хомс. Таны бодлоор цэцэрлэгийн багш нарын нийгмийн асуудлыг яаж шийдэх хэрэгтэй вэ?

Сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багшийн хангалтын хувь 93,6 хувьтай байна гэсэн БШУЯ-ны тооцоо гарчээ.

Төр засаг  сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдэх талаар зоригтой алхам хиймээр байна. Өглөөний долоо хагаст хүүхдүүдээ хүлээж авах ёстой багш ажилдаа амжиж очихын  тулд хэдэн цагт босох нь тодорхой. Харин оройн тав гучид тарах ёстой ч хотын түгжрэлээс болоод эцэг, эхчүүд хоцрох нь элбэг. Тэгэхээр ойролцоогоор өглөөний зургаан цагаас оройн 20 цаг хүртэл багш гэртээ байх боломжгүй. Өөрөөр хэлбэл өөрийн гэр орон үр хүүхэддээ  зарцуулах цаг зав багатай байдаг .Ийм ачаалал ихтэй  ажил хийж байгаа багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарал  тавих хэрэгтэй гэж боддог.  

- Төгсөөд ирж буй залуу багш нарын мэргэжлийн түвшин ямар байна вэ?

Хүнээсээ л шалтгаална. Дадлагаар ирдэг оюутнууд дотор сайн багш болох ирээдүйтэй оюутанууд ч байдаг,  яаж багш болно доо гэмээр оюутан ч бий. Хүүхэдтэй ажиллах хүн нэн түрүүнд хүүхдэд хайртай байж, түүний найз болж чадвал багшийн гол чанар тэр. Хүүхдэд хайргүй, тэдний чимээ шуугианаас төвөгшөөдөг, тээршаадаг бол ажиллах ч хэрэггүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.