"100 хувь-цэцэрлэгт" сэдэвт уулзалт ярилцлага Төрийн ордонд боллоо.
2013.09.04

”100 хувь цэцэрлэгт” уулзалт боллоо

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар зохион байгуулсан “100 хувь-цэцэрлэгт” сэдэвт уулзалт ярилцлага өчигдөр Төрийн ордонд боллоо.

“Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах” тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн бариад байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нарын гишүүд сургууль, цэцэрлэгийн өмнөх бага насны хүүхдүүдийн ихэнх хувь нь эрүүл,

аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчнөөс сэргийлэх боломжоор ижил тэнцүү хангагдахгүй байгаа талаар хийсэн судалгааныхаа талаар энэ үеэр танилцуулав.

Эдгээр гишүүд цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн асуудлыг төр бүрэн хариуцаж чадахгүй байгаа өнөө үед цэцэрлэгийн үйлчилгээ эрхлэх хувийн хэвшил, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх зүйн орчныг баталгаажуулж боломжийг олгох нь зүйтэй хэмээн үзэж, уг хуулийн төслийг санаачилжээ.

“Хүүхэд харах үйлчилгээ”-г хуульчилснаар сургуулийн өмнөх насны багачууд цэцэрлэгт 100 хувь хамрагдах нөхцөл бүрдэнэ.

“Хүүхэд харах үйлчилгээ”-г ийнхүү хуульчилснаар бага насны 60 орчим мянган хүүхдийг асрах, хамгаалах, зохих түвшинд хүмүүжүүлэх үйлчилгээний шинэ төрөл бий болж, сургуулийн өмнөх насны багачууд цэцэрлэгт 100 хувь хамрагдах нөхцөл бүрдэх юм гэж тэд үзэж байгаа аж.

Энэхүү уулзалт ярилцлагад хувийн хэвшлийн цэцэрлэгийн эрхлэгч, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг 100 шахам хүн оролцож, цэцэрлэгийн үйлчилгээ явуулахад тулгардаг бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, гарцын талаар санал бодлоо солилцон, хуулийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар хууль санаачлагчидтай илэн далангүй ярилцлаа.