УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.02.21

Уул уурхайн салбар бодлогын зөвлөлөө байгуулах хэрэгтэй байна

Монголын нүүрсний өрсөлдөх чадвар муу байгааг өнөөдрийн уулзалтад оролцож байгаа хүмүүс онцолж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас зарим зүйлийг тодрууллаа. 

 -Төрөөс нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Монголын нүүрсний салбар ямар бодлогод тулгуурлах юм бэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Төрийн оролцоонд уу, хувийн хэвшилд түшиглэсэн бодлого хэрэгтэй юу гэдгийг шийдэх хэрэгтэй байсан. Ингэж байж дараа дараагийн ажлууд хийгдэнэ.

Бидний хувьд бодлогоо баталчихлаа. Харин нэн тэргүүнд ууд уурхайн салбар бодлогын зөвлөлөө байгуулах хэрэгтэй байна. Бодлогын зөвлөл байгуулагдсанаар уул уурхайн салбарт үүсээд байгаа тогтворгүй байдал байхгүй болно. Учир нь олон төрлийн хуулиуд гэнэт орж ирээд тогтворгүй байдлыг үүсгээд байна. Үүнээс сэргийлэх зорилготой.

-Энэ салбарт хэтийн төлөвлөлт дутагдаж байгаа гэх шүүмжлэлийг зарим судлаачид өгч байна?

Одоо бол хөгжиж байгаа ч биш, хөгжөөгүй ч биш хоёрын хооронд байна.

-Энэ бол үнэн. Өнөөдрийн байдлаар манай хөрөнгө оруулагч компаниуд богино хугацаанд ажлаа төлөвлөөд хийгээд байна. Зарим нь дунд хугацаанд буюу дөрөв дөрвөн жилээр төлөвлөж байна. Хамгийн чухал нь урт хугацааны төлөвлөлт нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Нүүрсний салбар 10 жилийн дараа гэхэд хаана хүрэх юм бэ. Түүнчлэн занар 20 жилийн дараа гэхэд хаана байх юм бэ гэх мэт асуудлууд байна. Энэ асуудлыг хувийн хэвшлийнхэн дангаараа мэдэх бололцоогүй.

Тиймээс энэ чиглэлээр ажилладаг хамтын хүрээлэн болон судалгааны газрууд хэрэгтэй. Түүн дээр төрөөс дэмжиж санхүүжилт өгөх ёстой. Нэгдсэн нэг зохицуулалтад орох цаг нь болсон. 2025 он гэхэд Монгол Улс уул уурхайн салбараа хөгжүүлсэн шиг хөгжүүлэх ёстой гэдгийг гол бодлогодоо тусгаж өгөх шаардлагатай. Одоо бол хөгжиж байгаа ч биш, хөгжөөгүй ч биш хоёрын хооронд байна. Хөрөнгө оруулалтыг дэмжээд ч байгаа юм шиг эсвэл дэмжихгүй байгаа юм шиг харагдаад байна. Тиймээс уул уурхайн салбарт зоригтой шийдэмгий бодлого үгүйлэгдэж байна.