Монгол нүүрсний өрсөлдөх чадвар сул хэвээр байна
2014 онд нүүрсний экспортоос улсын төсөв 590 тэрбум төгрөг төвлөрүүлнэ хэмээн сангийн яамнаас тооцоолж байна. дээрх тооцоо биелэх эсэх нь манай улсын нүүрсний өрсөлдөх чадвараас бүрэн хамааралтай.
Өнөөдөр манай улс ганц нүүрсний зах зээлээ Австраличуудад алдаж таван толгойн нүүрсийг өртгөөс нь бага үнээр Хятадуудад зөөвөрлөж, хувийн компаниуд нь нүүрс экспортолж чадахгүй гацаанд орчихсон байгаагаас харахад Монгол нүүрсний өрсөлдөх чадвар сул хэвээр байгаа юм.
Өнгөрөгч онд Монголын нүүрсний компаниуд Хятадын “Шинхуа энержи” групптай 2020 он хүртэл 2 тэрбум тонн нүүрс нийлүүлэх борлуулалтын гэрээ байгуулсан. Эрдэнэс таван толгой компани баруун болон зүүн цанхийн уурхайдаа үйл ажиллагаа явуулж баруун цанхиас борлуулалтын тодорхой хэмжээний ашиг олж эхэлсэн. Энэ мэтээр дотоодын нүүрсний зах зээл сэргэх хандлага байгаач шинэ оны дараах нь нүүрсний компаниуд зогсолт хийсэн нь уналт болсон. Өөрөөр хэлбэл 2014 онд Монгол улс нүүрсний салбарын орлогоор амь аргацаах дохио байсан гэхэд хилсдэхгүй.
МУУА-ийн гүйцэтгэх захирал Н.Алагаа: Бид өрсөлдөх чадвартаа анхаараагүй, сайн судлаагүй байхдаа экспортоо эхэлсэн. Өнөөдөр жишиг үнэ тогтоож байгаа байдал ангилал цөөхөнтэй боомт байхгүйгээс бөөгнүүлж байгаад жишээд гаргаж байгаа учир тэнцвэргүй, тэгш бус байдалтай яваад байна. Компаниудад дэмжлэг байхгүй. Зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх ганцхан нүдээр хараад татвар аваад байгаа учир аж ахуй нэгжүүд тамирдаад байна. Гүнзгий боловсруулах, чанар дээшлүүлэх тал дээр төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол болохгүй.
Монголын нүүрсний өрсөлдөх чадвар буурч зах зээлээ бусдад өгч байгаа шалтгааныг бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Тодруулбал нүүрсийг үнэгүйдэж, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх хамгийн том бэрхшээл нь тээвэрлэлтийн өртөг байгаа юм. Нүүрсний компаниуд зогсолт хийсэн нь тээвэрлэлтийн алдагдалтай холбоотой гэдгийг албаны хүмүүс тайлбарласан.
Нүүрсний компаниуд удаан хугацаанд зогсолт хийвэл Монголын төсөвт ихээхэн хохирлыг авчирна. Олон улсын зах зээлд нүүрсний үнэ эерэг хандлагатай байгаа. Тодруулбал 2014 онд дэлхийн нүүрсний үйлдвэрлэл 3.6 хувиар өснө. Тэр дундаа урд хөршийн хэрэглээ 2020 он гэхэд 36 хувиар нэмэгдэнэ гэдгийг Хятадын нүүрсний ассоциацаас мэдээлсэн. Энэ нь манай улсад маш том боломжийг олгоно.