Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэг
2013.12.30

Я.Санжмятав: Залуу малчдын тоо нэг жилд нэг хувиар багасч байна

Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Төв, Завхан аймгийн хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс хамтран залуу малчдаа дэмжих зорилгоор “Залуу малчдын чуулга уулзалт”-ыг зохион байгуулсан юм.

Монгол улсад 2009 оны байдлаар нийтдээ 170 000 малчин өрх амьдарч, 349 000 хүн малчдын хөдөлмөр эрхэлж байснаас 16-35 насны залуу малчид 157 000 буюу 45,1 хувийг эзэлж байв. Үүнийг 2012 оны жилийн эцсийн байдалтай харьцуулахад 146 000 малчин өрх амьдарч, 289 000 хүн малчны хөдөлмөр эрхэлдгээс 16-35 насны залуу малчид 117 000 буюу 40,7 хувийг эзэлж байна.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:

Үндсэндээ нэг жилийн дотор залуу малчдын эзлэх хувь нэг хувиар багасаад байгаа учир энэ сэтгэл эмзэглүүлсэн асуудлыг ярилцахын тулд та бүхнийг цуглууллаа. Та нар бол малчин болох хүсэл эрмэлзэлтэй цөөн хүмүүс. Төрөөс залуу малчдаа дэмжих тал дээр дорвитой дэмжихгүй бол магадгүй 20-30 жилийн дараа Монгол улс залуу малчингүй болохнээ.

Залуу малчдаа дэмжих зайлшгүй энэ цаг үед Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Төв малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор мал маллах, аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бүлэг, нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтыг сайжруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг үйлчилгээг аймаг орон нутгийн хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан залуу малчиддаа түгээн хэрэгжүүлж байна.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:

360 хоногт цурам хийлгүй ажилладаг малчин та бүхний цагаас хоёр өдрийг хугасалж энэ уулзалтад урьсан юм. Залуу малчдаа цуглуулж ярилцахаас гадна ахмад малчдын зөвлөл гэдгийг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Ахмад малчдынхаа туршлагыг бид өвлөн авах хэрэгтэй.

2013 онд малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тэднийг байнгын ажлын байраар хангах зорилгоор тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн мал маллах арга ухаан, туршлагыг залуу малчиддаа өвлүүлэн үлдээж малын үр шимийг хүртээж буй энэхүү хөтөлбөр үр дүнгээ өгч байна гэдгийг хөтөлбөрт хамрагдсан зөвлөх малчид хэлж байлаа.

Увс аймгийн Сагил сумын зөвлөх малчин П.Дунгаржав:

Би хорь гаруй жил мал маллаж байна. Олон жил мал хариулсан туршлагадаа үндэслээд малынхаа ашиг шимийг хүртэх, малаа үржүүлэх талаар хоёр залуу малчинд сургаж байна. Энэ хөтөлбөрийн үр дүнд залуу малчдын амжиргаа дээшилж байна гэж үзэж байна.