Д.Оюунхорол: Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүсэл биелнэ
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.02.07

Д.Оюунхорол: Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүсэл биелнэ

Ерөнхийлөгчийн тамгын газар, Иргэний танхимаас зохион байгуулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

-Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн статистик тоог хоёр янзаар ярьж байна. 240 мянган цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа гэсэн тоо бий. Энэ олон мянган хүүхэд стандартын шаардлага хангасан цэцэрлэгт хүмүүжиж чадахгүй байна. Өнөөдөр 'сумын дотоод аж ахуй, нөөц бололцоогоо ашиглаад 100-200 сая төгрөгөөр 50-100 хүүхэд хамруулах цэцэрлэг барьж ашиглалтад оруулж байгаа бодит жишээ бий.

Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай ярилцаж, сургууль, цэцэрлэг барихад тавьж байгаа шаардлага, бодит нормативыг эргэж харах хэрэгтэй. Нийт 200-300 сая төгрөгийн зардлаар Канад технологиор цэцэрлэг барьж ашиглалтад оруулж байгаа загварууд ч байгаа. Энэ хууль батлагдсанаар өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүсэл биелэх боломжтой. Өнөөдөр өрх толгойлсон       эмэгтэйчүүдийн тоо улсын хэмжээнд 87мянга болсон. Энэ тоо жилээс жилд өсч байгаа.

Европын орнууд ч гэсэн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдээ асрах, ажил хийх боломжийг нь ихээхэн анхаардаг болсон. Үүний жишээ бол хүүхдийн цэцэрлэгийн асуудал юм. Цэцэрлэгүүдэд ажиллах ажилчдын асуудалд маш их анхаарах хэрэгтэй. Иймд мэргэжлийн багш нарыг ажиллуулах, багш нарыг давтан болон түргэвчилсэн сургалтаар яаралтай бэлдэх шаардлагатай гэж үзэж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам багш бэлтгэх төлөвлөгөө гаргах нь чухал. Заавал дөрвөн жилийн бакалаврын сургалтаар бус, хоёр жилийн түргэвчилсэн сургалтаар багш нарыг бэлтгэж, дараа нь давтан сургах хэлбэрээр мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх замаар энэ асуудлыг шийдээд явах боломж бололцоо бий.