С.Ганбаатар: Хүүхэд харсан хүнд улсын төсвөөс сард 110 мянган төгрөг өгөх боломжтой
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.01.25

С.Ганбаатар: Хүүхэд харсан хүнд улсын төсвөөс сард 110 мянган төгрөг өгөх боломжтой

-Хүүхэд харах үйлчилгээг бий болгох хуулийн төслийг яагаад санаачилсан бэ?

- Үндсэн хуулинд хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл зарим хүүхэд цэцэрлэгээр явж хүмүүжээд жилд 1,400,000 мянган төгрөгийн санхүүжилт улсаас авдаг байхад цэцэрлэгт явдаггүй хүүхдүүдийг улсаас огт харж үздэггүй.

Зарим нь гэртээ өдөржин цоожтой хаалганы цаана өнждөг.

Цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа энэ үед хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөх бодлогоор энэ хуулийн төслийг боловсруулсан.  70 мянган хүүхэд гэр хороололд Монголын боловсролын тогтолцооны гадна байна. Зарим нь гэртээ өдөржин цоожтой хаалганы цаана өнждөг. Өнгөрсөн оны судалгаагаар сард 15 хүүхэд эндэж байна. Энэ байдлыг таслан зогсоохын тулд хүүхэд харах үйлчилгээ үзүүлсэн хүнд улсын төсвөөс сард 110,000 мянган төгрөг олгохоор тусгасан байгаа. Зарим нь яагаад цэцэрлэгт яваагүй мөртлөө улсаас мөнгө авах боломжгүй байгаа юм бэ? Тиймээс энэ тэгш эрхийг хангах зорилготой.

- Энэ мөнгөөр цэцэрлэг барьж болохгүй юм уу?

- Монголд бүх цэцэрлэгийн насны хүүхдийг хамруулъя гэвэл 650 цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ байна. Гэтэл 10 жилийн дараа ч 650 цэцэрлэгийг барьж амжихгүй. Өнөөдөр жилд 30 цэцэрлэг барьж байгаа болохоор тэр хүүхдүүдийг цэцэрлэг баригдтал хүлээж бай гэж хэлж болохгүй шүү дээ. Тэд чинь өсч том болно.  Цэцэрлэг барих гэж тэрбум тэрбумаар нь мөнгө олох гэж зүдрэхийн оронд тэртээ тэргүй олж чадахгүйгээс хойш цэцэрлэгийн үйлчилгээг гэртээ үзүүлчих боломжтой хүмүүст тэр бололцоог нь стандартыг нь тогтоож олгох хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл тэг зардлаар цэцэрлэгтэй болно гэсэн үг. Хүүхдүүдэд хувьсах  буюу хоолны зардлыг нь төрөөс гаргаач ээ гэсэн л хуулийн төсөл.

- Эмээ, өвөө нь ач, зээ нараа хардаг гэр бүл Монголд олон байдаг. Эмээ, өвөө нар үүнийхээ төлөө улсаас мөнгө авах уу?

- Ээжээс нь өөр хүн хүүхдийг харж байгаа бол сард 110,000 төгрөг авна. Хамаатан садан, найз нөхөд хэн ч байж болно. Аав, өвөө ч байсан болно.

- Хүүхдүүдийн насны хязгаар ямар байх вэ?

- Насны хязгаар 2-5. Хоёр нас хүртэлх хүүхдийг ээжүүд өөрсдөө өсгөх ёстой.  2-3 насны хүүхдүүдийг харж байгаа бол нэг гэрт 3-6 хүүхэд байна. 4-5 настай бол 10-15 хүүхэд байж болно. 15-аас дээш хүүхэд нэг газар байж болохгүй. Одоо нэг цэцэрлэгт 100-170 хүүхэд байна. Ханиад, томуу гээд өвчин их ороогоод байдаг. Ингэж бөөнөөр нь байлгах нь амьсгалын замын халдвар тархсан үед тун эрсдэлтэй.

- Хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрлийг хэн өгөх вэ?

- Сертификат, зөвшөөрлийг зөвхөн ээжүүд хүүхдээ харах хүнтэй гэрээ хийж өгнө. Ээжүүд тэр гэрээг цуцлах эрхтэй. Ээжүүд бол ямар ч улсын байцаагчаас илүү хүүхдийг нь харах хүнийг сонгоно. Тухайлбал хүүхдүүд нь цэцэрлэгт явах боломжгүй дөрвөн гудамжны айл байлаа гэж бодъё.  Тэндээс 2-5 насны 10 хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байлаа гэж бодъё. Энэ 10 хүүхдийн ээж, аавууд ярилцаад нэг ажилгүй ээжтэй гэрээ хийгээд ажиллуулж болно. Арван хүүхэд харахад сард 1 100 000 төгрөгийн цалин авна гэсэн үг. Тэр хүн хажуудаа туслах бас тогооч авч ажиллуулаад өөрөө хүүхдийн хүмүүжилд анхаарч ажиллаж болж байна. Мөн их, дээд сургуулийн дэргэд оюутнууд ийм төв байгуулж болно.

-Тэгвэл төрийн байгууллагаас ямар стандарт, шаардлага тавих вэ?

- Хүүхэд харах үйлчилгээ  үзүүлж байгаа хүмүүс харж хандана, хоол ундаар хангана, хүмүүжүүлнэ. Ингэснээр хүүхдүүд баталгаатай, эрүүл орчинд бойжно. Харин Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий чиглэл, зөвлөмж бол гаргана. Гэхдээ тийм хүнд стандарт тавихгүй. Хүнд суртал байж болохгүй. Яамнаас хүүхэд асрагч нарт тогтмол сургалт явуулж байх юм. Мөн телевизээр насны онцлогт тохирсон сургалт, хичээл, нэвтрүүлэг явуулахаар төлөвлөж байгаа.

- Нэг талаас бас ажилгүй иргэдийн тоо багасах юм байна?

- Өнөөдөр 30 мянган ээж хүүхдүүдээ хараад ажил хийх боломжгүй байгаа. Энэ хууль батлагдвал нэг ээж 10 хүүхэд харлаа гэхэд 3000 ээж шууд ажилтай болно. Бусад нь ч өөрсдийгөө боловсруулж ажил хийх боломжтой.

- Ийм жишиг өөр ямар оронд байдаг вэ?

- Ийм жишиг  ихэнхи хөгжсөн оронд байдаг. АНУ, Англи Австрали, Япон, Солонгос гээд олон оронд day care буюу өдөр өнжүүлэх үйлчилгээ байдаг. Манай хуулийн нэр томъёонд өдөр өнжүүлэх гэж өөр ойлголт байдаг учраас  хүүхэд харах үйлчилгээ гэж нэрлээд байна. Энэ нь хүүхдэд илүү ойр, сайн хүмжүүжил өгдөг гэсэн судалгаа байна. Охидод бие биелгээ, хөвгүүдэд бөхийн дэвээ шаваа заах зэргээр монгол ухаанаар хүмүүжүүлвэл их сайн. Монголын үндэсний уламжлал нь өөрөө гэр сургалт юм.

-Хүүхэд асрах хүмүүст өгөх мөнгөний эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?

- Хуулиа баталвал тодотголоор 2013 оны төсөвт оруулах байх. Энэ бол хүүхдийн нэрээр орж ирж байгаа ч ажилгүйдлийг багасгах мөнгө юм. Тэр мөнгийн хэнд өгөх вэ гэдгээ ээжүүд шийднэ.

- Бусад гишүүд хэр дэмжиж байгаа вэ?

- Зарим эрэгтэй гишүүд ээжүүд бол гэртээ хүүхдээ хараад байж байх ёстой. Үүнээс илүү яах гээд байгаа юм бэ гэсэн хандлагатай байгаа. Харин Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл Баянсэлэнгэ, Л.Гантөмөр сайд нар дэмжиж байгаа. Нэг нь цэцэрлэгт явж улсаас тэтгүүлээд байхад бусад нь яагаад болохгүй гэж гэсэн тэгш эрхийг хангах зорилготой юм.
- Ярилцсанд баярлалаа.