70 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар нар хуулийн төсөлтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ
2013.01.18

70 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар нар “Хүүхэд харах үйлчилгээ”-г хуульчлахаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийг төслийг өргөн барьсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хүүхэд харах үйлчилгээг хоёр хувилбараар хийхээр төсөлд тусгасан. Эхнийх нь гэрээр зургаа хүртэлх тооны хүүхэд харах өрх гэр, төвд суурилсан үйлчилгээ, хоёр дахь нь аж ахуй нэгж өөрийн ажилтан, үйлчлүүлэгчдийн хүүхдэд зориулсан хүүхэд харах төв хувилбар юм. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2-6 насны хүүхэд хамрагддаг бол уг үйлчилгээнд 1-6 насныхан хамрагдах боломжтой аж. Хүүхэд харах төвийн багш бүрэн дундаас дээш боловсролтой, тусгай сургалтанд хамрагдсан, эрүүл байх ёстой. Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд, чанартай хоол хүнсээр хангаж, орчин тойрны болон суурь хэрэгцээний чадвар эзэмшүүлж чадах байгаа эсэх дээр эцэг эхчүүд өөрсдөө хяналттай байхаар хуулийн төсөлд заасан гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг онцоллоо. Бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 30 мянга гаруй эцэг эх ажлаа хийх боломжтойн дээр 8000 гаруй ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан судалгааг хуулийн төсөл санаачлагч гишүүд хийжээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ “653 цэцэрлэг шинээр барих шаардлагатай байгаа. Манай улсад 2-5 насны цэцэрлэгийн насны 220 мянган хүүхэд байдаг. Өнөөдрийн байдлаар 70 мянган хүүхэд буюу 35 хувь нь гэртээ цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, хараа хяналтгүйгээс болж сард 15 хүүхэд цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Энэ үйлчилгээ төрийн ачааллыг бууруулахад нэмэр болно. 556 тэрбумаар 10 гаруй жил барих цэцэрлэгүүдийг нэмэлт хөрөнгө зарцуулахгүйгээр 6 сарын хугацаанд шийдэж чадна” гэв.