Гэр бүлийн хуулийг шинэчлэх найруулах шаардлагатай
2013.12.31

Д.Оюунхорол: Хамтран амьдрагчийн асуудлыг зохицуулах заалт манай хуулинд байхгүй

 Өнөөдөр гэр бүл хэмээх нийгмийн үнэт зүйлийн уламжлалт үнэлэлтэд өөрчлөлт гарч гурван гэр бүл тутмын нэг нь ядуу амьдарч, гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн томоохон үзэгдэл болтолоо тэлж, найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч болжээ. 

Салсан болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нийт гэр бүлийн 60 хувьд хүртэл өслөө. Амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд мянга мянган залуус гадаадад гарч, гэр бүлийн халуун дулаан орчинд өсөх боломжгүй хүүхдийн тоо өссөн судалгаа гарсан нь гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах нийгмийн захиалгыг бий болгосон юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Гэр бүлийн хүчирхийлэл шийтгэлгүй өнгөрчих гээд байдаг байдлыг халах цаг боллоо. Гэр бүлийн хүчирхийлэлд хуулиар оноох хариуцлагыг нь чангатгаад өгөх юм бол хууль хяналтын болон цагдаагийн байгууллагынханд ажиллахад хялбар болж, гэр бүлийн үнэт зүйлийг авч үлдэхэд түлхэц болно.

1999 онд батлагдсан гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулах асуудалд УИХ-ын гишүүд хамгийн хойрго хандаж байна. Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн өмчийн эзэн болгох, хүүхдэд сэтгэл зүйн дарамт учруулсан тохиолдолд эцэг, эхийн аль аль нь эрүүгийн хариуцлага хүлээх, хүүхдийн тэтгэврийг эцэг, эхчүүд адил төлдөг байх зэрэг олон заалт шинэ хуулийн төсөлд тусгагджээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Өнөөдөр Азид ч тэр, Европт ч тэр гэр бүл салах тохиолдолд хүүхдийг тэтгэх үүрэг заавал хуваагдаж ногддог. Харин манайд энэ талын зохицуулалт байхгүй. Уг хуулиар бид энэ асуудлыг шийднэ гэж бодож байна. Өнөөдөр гэр бүлийн харилцааны шинэ хэлбэрүүд бий болж байна. Тухайлбал, хамтран амьдрагчийн асуудлыг манай хууль зохицуулж чаддаггүй. Хамтран амьдрагчдын дундаас гарсан хүүхэд маань одоогийн хуулиар бол хууль бус болчихоод байна. Эцсийн эцэст хүүхдийн эрх ашиг л хохирно. Энэ харилцааны зохицуулалтыг хуульчлах зайлшгүй шаардлагатай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх асуудалд татвар, өрийн асуудлын шийдвэр гүйцэтгэл 90 гаруй хувьтай гардаг бол хүүхдийн тэтгэмжийн асуудал 0,2 хувьтай байна. Мөн шийдвэр гүйцэтгэгчид 10 хувийг нь авахаар хуульчилсан байдаг бол иргэний маргаанд тэд оролцох сонирхолгүй байдаг.

Түүнээс гадна тэтгэмж олгогч олдохгүй бол олж ирдэг хүн нь хүүхдийн асран хамгаалагч байдаг хууль эрх зүйн зохицуулалт өнөөдөр үйлчилж байна. Гэр бүлийн эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг нарийн авч үзэж, компаний тухай хуультай уялдуулахгүй бол гэр бүлийн гишүүдийн хамтран хуримтлуулсан хөрөнгө компаний нэрээр далдлагддаг болчихоод байна.