Хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү
2013.12.20

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна

Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн судалгааг гаргахад манай улсын 5-10 насны хүүхдүүдийн 16 орчим хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн тоо гарчээ.

Эдгээр хүүхдүүдийн бараг 90 гаруй хувь нь хүнд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа нь анхаарал татаж байна. Тэр дотроо хүүхдийг бэлгийн мөлжлөгөд ашиглах, тэднийг хүний наймааны золиос болгох хандлага өсч байгаа нь хүүхэд хамгааллын асуудлыг эргэж харах цаг болсоныг сануулж байна.

Өнөөдөр хүний наймааны золиос болсон 47 хүүхдийн хэрэг эрүүгийн цагдаагын газар шалгагдаж байгааг хэллээ. Эдгээр хүүхдүүдийн хувьд гадаадад ажиллах, авьяасаараа мөнгө олж эцэг эхдээ тусална гэсэн гэгээн мөрөөдөлд автан муу хүмүүсийн өгөөш болсон байдгыг ярьж байна.

Улсын хэмжээнд 90 гаруй мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн тоо баримт байгаа ч үүний цаана уул уурхай, барилгын салбарт хичнээн хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг тооцож чадахгүй байгааг албаныхан нуусангүй. Хүүхдийн төлөө байгууллагуудын харилцан уялдаа сул, хамтын ажиллагаа салангид доривтой хийгдсэн судалгаагүй ийм үед хүүхэд хамгааллын талаар ярих нь хүнд байгааг төрийн бус байгууллагынхан шүүмжилж байна.

Хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү:

“Олон нийтэд түшиглэсэн халамжийн сангаас олгодог мөнгө эдгээр хүүхдүүдэд олддоггүй. Учир нь тухайн сан долоо хоногийн хугацаанд үйлчилгээ авах хүмүүст л олгоно гэж байгаа. Энэ хугацаанд үйлчилгээ аваад өөрийгөө сайжруулдаг зүйл нь хувийн эрүүл мэндийн үйлчилгээнд л байхнаас бусад хөдөлмөр эрхлээд байгаа, сургууль завсардаж байгаа, архины хамааралтай болсон өөрийгөө яаж хамгаалахаа мэдэхгүй байгаа хүүхдүүдэд долоо хоногийн үйлчилгээ юу бэ? Бид хэнийг ч засч чадахгүй шүү дээ” хэмээн хэллээ.

Иймээс хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд эхний ээлжинд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна. Цаашлаад эрх зүйн шинэчлэл хэрэгтэй байгааг тэд хэлж байлаа.