Д.Галсандорж: Зөв менежмент явуулбал 2018 он гэхэд экспортын орлогоос 9.9 тэрбум доллар олох боломжтой
Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж
2014.01.17

Д.Галсандорж: Зөв менежмент явуулбал 2018 он гэхэд экспортын орлогоос 9.9 тэрбум доллар олох боломжтой

Уул уурхайн яамнаас “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Эрдэс баялгийн салбарын нийгэм эдийн засгийн нөлөөлөл, хүний эрх, хүрээлэн буй орчин, олон нийтийн оролцоо, бүтээмж ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэсэн дөрвөн дэд хэлэлцүүлэг болсон юм.

Тус хуралдаанд салбарын судлаач, эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл ч оролцсоноороо онцлог байв. Энэ үеэр “Эрдэс баялгийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар” сэдвийн гол итгэлийг тавьсан Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржтой уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах шаардлагатай талаар ярилцлаа.

-Манай улсын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадвар дэлхийд одоогоор ямар төвшинд явж байгаа вэ?

-Дэлхийн 100 гаруй жилийн түүхтэй “Behre Dolbear Group”-ээс уул уурхайн салбарын өсөлтөөрөө дэлхийд тэргүүлдэг 25 улсыг уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны чадвараар үнэлж гаргаж ирдэг. Ингэхдээ тухайн улсын эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал, уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт нь үзүүлж буй нөлөө, хүнд суртал, авлигын зэрэглэл, валютын ханшийн тогтвортой байдал, татварын бодлогын орчны өрсөлдөх чадвар зэргээр нь харьцуулан авч үздэг байна.

Тэгвэл манай улс энэ тайланд 2012 онд аравдугаарт жагсч байсан бол 2012 онд 12 дугаарт, 2013 оны байдлаар 19 дүгээрт орж огцом доошилсон байгаа. Ийнхүү манай хөрөнгө оруулалт татах, өрсөлдөх чадвар огцом буурсан шалтгаан нь, татварын орчин тогтворгүй, уул уурхайн салбарын бодлого тодорхой бус, манай улсын төсвийн алдагдал, инфляци өссөн, хайгуулын лиценз олгохгүй байгаа болон авлигын хэмжээ буураагүй, валютын өөрчлөлт их байгаа нь нөлөөлсөн байна. Энэ нь нэг ёсондоо хөрөнгө оруулалт татах чадвар улам л муудаж, хөрөнгө оруулагчид итгэлээ алдаж эхэлснийг тодорхой гэрчилж байна.

Гэхдээ манай улсын эрдэс баялгийн салбарт арвин их нөөцтэй нь том давуу тал. Хэрэв уул уурхайн компаниуд төдийгүй төрийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа дэд бүтцийн төсөл болон экспортын чиг баримжаатай томоохон үйлдвэрүүдээ ашиглалтад оруулж чадвал манай экспортын орлого 2018 онд гэхэд 9.9 тэрбум ам.доллар олох боломжтой. Цаашлаад жил бүр 2.0 тэрбум ам.долларын орлого нэмж олох боломж нээлттэй болох юм.

 -Манайх эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь зөөх биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр ярьж байгаа. Тэгвэл таны харж байгаагаар үүнээс хамгийн түрүүнд ашиглалтад орох ямар төслүүд байгаа вэ?

Манайд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн юу байна вэ гээд үзэхээр цөөхөн байгаа юм.

Манайд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн юу байна вэ гээд үзэхээр цөөхөн байгаа юм. Энэ нь боловсруулж гаргаж буй бүтээгдэхүүн маш бага гэсэн үг. Тодруулбал, манайх зэсээ бараг 100 хувь баяжмалаар нь экспортолж байгаа. Харин Эрдэнэт хотод байдаг “Эрдмийн” компани л жилдээ гурван тонныг угааж, үлдсэнийг нь түүхийгээр Хятад руу борлуулж байгаа. Одоогоор зэсийн баяжмал бараг 100 хувь, цайр, төмрийг мөн баяжмал хэлбэрээр нь экспортод гаргаж байгаа. Мөн жоншны 38 хувь нь флотацын баяжмал, төмрийн 50 мянган тонныг нь л арматурын төмөр үйлдвэрлэж гаргаж байгаа юм.

Тэгэхээр зах зээлээ тэлэхийн тулд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой, цаашлаад тээврийн зардал ч багасна шүү дээ. Тиймээс ч сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар томоохон төслүүд хэрэгжиж эхэлж байгаа. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Төмөртийн овоон дээр сая тонн төмрийн нойтон баяжмал гаргах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ярьж байна. Цаашлаад энэ нойтон баяжмалаасаа ангижруулсан төмрийн хүдэр гаргах хэрэгтэй юм. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд 500 мянган тонн ангижруулсан төмөр гаргах үйлдвэрийг ч барихаар ярьж буй.

“Монголросцветмент” компани өнгөрсөн оноос 500 мянган тонн төмрийн нойтон болон хуурай баяжмал гаргаж эхэлсэн. Харин энэ компани цаашдаа хоёр сая тонн хүдэр, нэг сая тонн төмрийн баяжмал гаргах бололцоотой. Энэ төслийн хувьд “Чингис” бондын хөрөнгөөс 600 сая ам.долларын санхүүжилт өгсөн юм билээ. Үүнийгээ ч цаашдаа дэмжээд явах нь зүйтэй. Манай улсын төмрийн хэрэгцээ 400-500 мянган тонн буюу 700 сая ам.долларын бүтээгдэхүүн импортоор авч байгаа. Үүнийхээ л тодорхой хувийг дотоодоосоо хангахаар зорьж байгаа юм.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын дэргэд 300 мянган тонн зэс хайлуулах үйлдвэр барихаар ярьж байгаа. Гэвч энэ нь баяжмалаа Эрдэнэт, Оюутолгойгоос татаж авахаас эхлээд асуудал үүсэх юм. Харин эхний ээлжид Эрдэнэт үйлдвэр дэргэдээ 100 мянган тонн зэс хайлуулах үйлдвэр барихаар төслөө тодорхой болгосон юм билээ. Содон суврагын орд газрыг түшиглээд Европын сэргээн босголтын банкнаас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон.

-Манай улс уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй гэж та бодож байна вэ?

-Манай Ерөнхийлөгчөөс эхлээд салбарынхан гадаад руу чуулга уулзалтад их явж байгаа. Тэгвэл энэ бүртээ Хөрөнгө оруулалтын тухай хуулиа сурталчлах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал ирэх гуравдугаар сард Канадад болох чуулгад очиж, Хөрөнгө оруулалтын хуулийнхаа талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн барууны хөрөнгө оруулалтаас гадна Хятад, ОХУ, Японы манайд шийдвэр нь гарчихсан мөртлөө хэрэгжиж эхлээгүй байгаа томоохон төслүүдээ хэрэгжүүлэх боломжийг нь хөрөнгө оруулагчдад олгож өгөх хэрэгтэй байна.

-Уул уурхайн компаниудын олборлолтын болон борлуулалтын зардал бусад орны жишигтэй харьцуулахад ямар байна вэ?

 -Бид уул уурхайн томоохон компаниудад судалгаа хийж үзсэн. Ингэхэд хувийн компаниудын олборлолтын өртөг зардал нь харьцангуй бага байгаа бол улсынх нь хэт өндөр гарч байсан. Тухайлбал, нэг тонн цэвэр зэсийн үйлдвэрлэлийн өртөг дэлхийд4000 орчим ам.доллар байхад Эрдэнэт үйлдвэрийнх 6100 ам.доллар байх жишээтэй. Харин ажиллагсдын тоо нь дэлхийд дунджаар 920 орчим байдаг бол Эрдэнэт үйлдвэрийнх 4800 орчим байгаа юм.

Энэ төр олборлоход, ложистик, экспортын үнийг тохироход хүртэл оролцож байгаа нь зардлыг өсгөж байгаа гэж ойлгож болно. Ингэхээр төр дэд бүтцийн бүх асуудлаа л шийдвэрлэж, менежмент болон үнэтэй холбоотой бүх асуудлыг хувийн хэвшлийнхэнд хариуцуулбал өртөг зардал нь буурах юм. Нөгөө талаас төрийн өмчит компаниудын  засаглал муу буюу орлого, зарлага хөрөнгө оруулалт гэх мэт бүхий л мэдээлэл нь нууцлагдмал байгаатай холбоотой.

Харин гадаадын томоохон хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан компаниудын засаглал ил тод нээлттэй байдгаараа ялгаатай. Мөн тээврийн зардлын асуудал хүнд байгаа. Уул уурхайн олонх компанийн нийт өртгийнх нь 50-60 орчим хувь нь тээврийн зардалд үрэгдэж байх жишээтэй. Оюутолгой компани гэхэд өртгийнх нь 40 орчим хувь нь тээврийн зардлаас бүрддэг.

-Эрдэс баялгийн бирж байгуулахаар ярьж байгааг дуулгасан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Эрдэс баялгийн бирж байгуулах ажлыг Уул уурхайн яаман дээр ажлын хэсэг гарган хийж байгаа. Энэ бирж бий болсноор ашигт малтмалын үнэ тогтвортой ил тод болж, үнэ нь зах зээлийн зарчмаар бүрдэх юм. Эрдэс баялгийн бирж нь уурхай үйлдвэрүүд, тээвэр ложистикийн компани, агуулах, банк даатгал болон гадаад дотоодын худалдааны  компаниудтай хамтарч ажиллах юм. Ингэснээр манай эрдэс бүтээгдэхүүний чанар стандарт олон улсын стандартад хүрч, үнэ нээлттэй уян хатан болно. Түүнчлэн бүтээгдэхүүний нэр төрөл, хүрээ ч өсч үйлчлүүлэгчдийн тоо ч нэмэгдэх юм.