“Эрдэс баялгийн салбар-2025”
2014.01.16

Эрдэс баялгийн салбар дахь өрөвдөлтэй нөхцөл байдал, өөдрөг сэтгэл

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн түүчээ болсон эрдэс баялгийн сал­барын ирээдүйн талаар хэлэлцлээ.

Манай улс уул уурхайн салбар, эрдэс бая­лагтаа тулгуурласан үйлд­вэрлэл явуулах, экспор­тоо нэмэгдүүлэх хөгжлийн шинэ шатны өмнө ирсэн хэмээн зургаан жил ярьж байгаа ч өнөөдөр Оюу толгойг эс тооцвол дорвитой бүтээн байгуулалт өрнөөгүй, нүүрс, төмрийн хүдрээ түүхийгээр нь шороон манан татуулан авто машинаар зөөсөн хэвээр байгаа юм.

Энэ нь Монголын уул уурхай өрсөлдөх чадвар маш муу, өрөвдөлтэй нөхцөл бай­далд байна гэдгийг харуулж байгаа хэрэг.

Гэвч сайхан цаг ирнэ хэмээн хууль эрх зүйгээ ши­­нэчилж, хөрөнгө оруу­лаг­чид орж ирнэ, тун удах­гүй олборлогч орноос үйлд­вэр­лэгч болно гэсэн өөдрөг тө­сөөл­лийг албаныхан та­­­нил­цуулсаар байна.

Тухайлбал уул уурхай, хөрөнгө оруу­лалтын салбарт чухал нөлөө үзүүлэх Хөрөнгө оруулалтын тухай хууль, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг батлаад бай­гаа. Түүнчлэн төрөөс эр­дэс баялгийн салбарт ба­римт­лах бодлогыг УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт оруулахад бэ­лэн болоод байгаа аж.

Эдгээрээс гадна Газрын тосны тухай, Олборлох үйлд­вэрлэлийн ил тод байдлын тухай, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрч­лөлт, Газрын хэвлийн тухай хууль гээд эрдэс баялгийн салбарт УИХ-аар батлуулах шаардлагатай хэд хэдэн хууль бий.

Мэдээж энэ бүх хууль эрх зүй нь тодорхой болсны дараа тус салбарын сайхан ирээдүйн эхлэл тавигдана. Дээрх хуулиудыг багцлаад нэг өдөр батлахгүй нь ойлгомжтой.

Тиймээс 2014 онд эрдэс баялагтай хол­боотой хуулиуд батлагдаад, ирэх оноос л хууль эрх зүй нь тодорхой болж хөрөнгө оруулагчид манайхыг со­нир­­­­­хож эхэлнэ гэдгийг ажиг­лагчид хэлж байв.

Монголын уул уурхай алсын хараатай хөгжинө

90 жилийн түүхтэй эх орны эрдсийн салбарыг хариуц­лагатай, өрсөлдөх чадвартай бол­гохыг зорин ажиллаж буйгаа хэлж байв.

“Эрдэс баялгийн салбар-2025” уулзалтыг “Эрдэс баялгийн салбараас Монголын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”, “Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин”, “Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил”, “Эрдэс баялгийн салбарын бү­тээмж, өрсөлдөх чадвар” гэсэн дөрвөн салбар хуралдааны хү­рээнд зохион байгуулсан юм. Тус уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг 90 жилийн түүхтэй эх орны эрдсийн салбарыг хариуц­лагатай, өрсөлдөх чадвартай бол­гохыг зорин ажиллаж буйгаа хэлж байв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Мон­голын уул уурхай алсын хараатай хөгжих ёстой. Тиймээс ч манай яам холбогдох агентлагууд, мэр­гэжлийн холбоодтойгоо хамтран хууль эрх зүйгээ боловсруулж байна. Үүнтэй уялдуулан мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах юм.

Хариуцлагатай уул уурхайн хүрээнд олборлох болон боловс­руулах шатны үйл ажиллагаанд байгаль орчин, хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байд­лын стандартуудыг чандлан сахих, санхүүгийн тайлагналт, татвар төлөлт болон хөрөнгийн бирж дээрх үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, ил тод, үнэн зөв, бүрэн гүйцэд тайлагнах явдлыг хариуцлагатайгаар үйл ажиллагаандаа хэвшүүлэх хэрэгтэй байна.

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдийн хамтын ажиллагааны хүрээнд боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ажиллана.

Уул уурхай, газрын тосны салбар нь ойрын ирээдүйд эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүр гэдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа.

Эрх зүйн орчин нь урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байх, бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хөгж­лийн стратегийг боловсруулж, ал­сын хараатай хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажил­лаж байна.

Хамгийн гол нь эрдэс баялгийн салбарын хөгжлийн талаар нийг­мийн зөвшилцөлд хүрэх, оролцогч талуудын дунд нэгдсэн ойлголт бий болгох юм” гэдгийг онцолсон.

Уул уурхайн салбарын өмнө хийх ёстой олон ажил бий. Нэн түрүүнд тээвэр ложистик зэрэг дэд бүтцийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлээ өргөжүүлэх , худалдан авагчийн тоог нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг өсгөх шаардлагтай байгаа юм. Эрдэс, түүхий эдийн боловсруулалтын түвшинг олон улсын жишигт хүргэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, газрын хэвлий дэх эрдсийг нээж, баялгийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний геологийн албыг байгуулах шаардлага байгааг албаныхан хэлж байсан.

Мөн энэ салбарт хийх ёстой чухал ажлын нэг нь төр хувийн хэвшил хамтран салбарын мар­кетинг, PR-ын нэгдсэн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдэг дээр талууд ижил санал хэлж байв.
Ингээд “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэгт оролцсон мэр­гэжилтнүүдээс уул уурхайн нөхцөл байдлын талаар дараах тодруулгыг авлаа.

Алтны ил тод байдлыг Ашигт малтмалын тухай хуульд оруулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар

-Уул уурхайн салбараас олох орлогыг хэрхэн хуваа­рилах асуудлаар бодло­гын ямар нэгэн шийдвэр гарсан уу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар

-Газар доорх баялаг дуус­на. Тиймээс эрдэс баялгаас олсон орлогоо дахин хуваа­рилах арга замуудыг судлах шаардлагатай байгаа юм. Зөвхөн уул уурхай биш, бу­сад салбарыг хөгжүүлэх асууд­лыг ярилцах хэрэгтэй.

Уул уурхайгаас олох орло­гыг зөв зохистой ашиглаж чад­вал хөгжих боломж аян­даа нээгдэнэ. Харин яаж зарцуулах вэ гэхээр уул уурхайгаа түшиглэн хөгжиж буй орнуудын жишгээр баял­гийн сантай болох явдал. Энэ дагуу Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д удах­гүй өргөн барина. Уг сангийн гол зорилт нь эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай байхаас гар­гах, бүтээгдэхүүний үнэ уна­хад эдийн засаг нь дагаад буурдаг байдлаас зайлс хийх явдал. Мөн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байхад хурим­тлуулсан мөнгөө эдийн засаг унасан үед ашиглах, ирээдүй хойч үедээ үлдээх зарчмаар Баялгийн сан ажилладаг юм.

-УИХ-ын намрын чуул­ганаар эрдэс баялагтай хол­боотой Алтны ил тод байд­лын тухай хууль унасан. Урт нэртэй хуулийг дагаж мөр­дөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­­лах хуу­лийн төс­лийг мөн өргөн барьсан. Эдгээр хуу­­­лийг хэрхэн шийд­вэрлэх бол?

-Урт нэртэй хуулийн да­гаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах асуу­дал УИХ-аас ажлын хэсэг га­раад шалгаж, байнгын хороо­дын хэлэлцүүлгийн түвшинд явж байгаа.

Харин Алтны ил тод байдлын тухай хууль унасан. Уул уурхайн яам, Засгийн газрын зүгээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад алтныхаа асуудлыг оруулъя гэсэн саналаа хэлсэн. Тэгэ­хээр Ашигт малтмалын ту­­хай хуулийн нэмэлт өөрч­лөл­­тийг хэлэлцэх үеэр энэ асуудал дахин яригдах байх.

Монголд эрдсийн үнэ судалдаг мэргэжлийн байгууллага дутагдаж байна

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлагч Д.Дамба

-Манай улс эрдсийн түү­хий эд багагүй хэмжээгээр экспортолж байгаа ч эн­дээс олох мөнгө нь тун чамлалттай. Учир нь зээ­лэхийг нь зээлээд, барьцаанд тавихыг нь тавьчих­­сан бай­даг. Энэ бу­руу жишгээс яаж гарах вэ?

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлагч Д.Дамба

-Яагаад бид нэг ч төгрөг олох­гүйгээр нүүрсээ урагшаа зөө­гөөд байна вэ гэхээр төр оролц­соны л хар гай одоо гарч байгаа юм. Харин энэ буруу жиш­гээс гарах хамгийн энгийн арга бол бизнест төр оролцохгүй байх явдал. Төр орохоороо л хамаг юмыг будилуулж, хэзээ төгсөх нь мэдэгдэхгүй асуудлуудыг үүсгэж байдаг.

Сонгуульд ялахын тулд улс­төрчид юу ч хамаагүй амлаж байна.

Төрийн эрх барьж буй нам эвслүүд нь төрийн компаниудыг аши­­глаж, эрх мэдэлдээ дул­дуй­дан юу ч хамаагүй хийж байна. Үүнийг л болих хэрэг­тэй.

Цаашдаа хэзээ ч ингэж болохгүй гэдгийг улстөрчид, иргэд нийтээрээ ойлгох хэрэгтэй. Сонгуулийн ам­лалт биелүүлэх гээд 21 мянган төгрөг тараагаад хэн хожив. Хэн ч хожоогүй. Харин ард түмэн хохирч байна. Тэр мөнгийг амлаад Таван толгойн ордынхоо нэг хэсгийг барьцаанд та­виад мөнгө тараасан нөхөд өөрс­дөө 21 мянгаа аваад л өнөөдөр юу ч болоогүй юм шиг л байж байна.

-Өнөө маргаашгүй Төрөөс эрдэс баялгийн салбарт ба­римтлах бодлогыг батлах гэж байна. Энэхүү бодлогын баримт бичигт төр бизнест хутгалдаж болохгүй гэсэн заалт орсон юм болов уу?

-Төр бизнест хутгалдахаар ямар балагтай вэ гэдгийг хангалттай харлаа.

Тиймээс Төрөөс эрдэс баялгийн сал­барт баримтлах бодлогын ба­римт бичигт энэ асуудлыг тусгаж өгсөн. Төрийн бай­гууллага зөвхөн хяналт шалгалт, мониторинг хийх, зөвшөөрөл олгох ажлаа л хийнэ гэж оруулсан.

-Манай улсаас өмнөд хөршид нийлүүлж буй нүүрс­­ний зах зээлийн үнэ харил­цан адилгүй байдаг. Тухайлбал “Эрдэнэс Таван толгой” компани нэг тонн нүүрсийг 35-40, “Энержи ре­сурс” 110 ам.доллараар гар­гадаг нь ямар учиртай юм бэ?

-Эрдэс баялгийн салбарын үнэ ханшийг судалдаг судал­гааны байгууллага алга. Энэ чиглэлийн өндөр хэмжээний судалгаа хийдэг байгууллага дутагдаж байгааг ганцхан уул уурхай ч биш бусад салбараас ч харж болно.

Нөгөө талаасаа компа­ниудын худалдааны гэрээг судалж үзэх шаардлага бий. Үүнийг ялангуяа гааль, тат­варын байгууллага, Ашигт малтмалын газраас судлаад амьдрал дээр үнэ ямар байна вэ гэдгийг давхар нягтлаад татвар шимтгэлээ ногдуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр Хя­тадын нэг сэтгүүл дээр гарсан үнийг гол болгоод, компаниудтайгаа харьцаж байгаа нь буруу.

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуу­лийг ба­талсан. Уг хуулиас хамгийн их ан­хаарал татаж байгаа асуудал нь эрх мэд­лийг орон нутагт шил­жүүлсэн явдал. Мэргэжлийн хү­ний хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Орон нутагт эрх мэдлийг өгье гэдэг зарчмаар энэ хууль батлагдсан. Гэвч орон нутаг кадастр, нөөцийн тооцоо гэх мэт мэргэжлийн зүйлсээ хэрхэн хийх вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Гэхдээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр тодорхой журмууд гараад ирвэл асуудал нэг их үүсэхгүй.

Ийнхүү Монгол хүн бүрийн найдвар тавьдаг уул уурхайн салбар уналтад ороод буй энэ үед “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Энэ том салбарын түм буман асуудлыг ганцхан өдрийн дотор хэ­лэлцэхэд олон асуудал ор­хигдож байна гэдгийг за­рим эдийн засагчид хэлж бай­лаа.