Д.Зоригт: Монголын эдийн засаг 2014 онд 14-15 хувиар өсөх төлөвтэй байна
Төрийн Ордон долоо хоног нам жим байхаар болжээ. УИХ дахь намын бүлгүүд харилцан тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулаагүй юм. Хэлэлцэх асуудалгүй учраас чуулган болон байнгын хороод хуралдахгүй юм байна.
УИХ-ын дарга З.Энхболдын шийдвэрээр энэ долоо хоногт ажлын хоёр дэд хэсэг л хуралдана. Гэхдээ энэ нь бэлэгдлийн шинж чанартай тавигдсан хурал гэдэг нь тодорхой. Гишүүд хэдийнэ амралтаа зохицуулаад алга болсон бол байнгын хорооны ажилчид бэлэг хүргэх, хүлээн авах маягаар энэ долоо хоногийг өнгөрөөнө.
Яам, агентлагууд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй, төсвийн мөнгийг дэмий үрэхгүй гэж том амласан ч Рамада, Чингис, Баянгол зэрэг томоохон зочид буудлуудад тансаг цэнгүүнийг зохион байгуулсан гэдэг мэдээлэл гарсан. 2014 онд монголчуудад хийх ажил их байгааг эдийн засагч гишүүн онцолж байна.
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
Бодит байдлаас харахад мэдээж ирэх он тийм таатай бус. Дэлхийн болоод манай гол зах зээл болсон ОХУ, Хятадын эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас удаан байна. Монголын гол экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ тийм сайн байхгүй. Үүнийг дагаад манай улсын төсвийн орлого болоод макро эдийн засгийн байдалд ч сайн төлөв харагдахгүй байна.
Гэхдээ бид 2014 оны төсвөөр тодорхойлсон зорилтууддаа хүрч чадна гэж бодож байна. Монгол улсын эдийн засаг 14-15 хувиар өснө. Энэ бол том үзүүлэлт. Энэ тухай дэлхийд алдартай “Economic” сэтгүүлд бичиж, монголын тухай дурьдсан байна. Үүнд Оюу-Толгойн ордын хувь нэмэр их бөгөөд энэ орд маань ирэх онд анх удаа бүтэн жилийн олборлолтоо эхэлнэ.
Уул уурхайн том төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх нь бидний гол зорилт. Хөгжлийн зөв хөрөнгө оруулалтуудыг хийж чадвал 2014 оныг дажгүй үр дүнтэй давах боломж байна.
Төрийн ордон даваа гарагт намын бүлгийн хуралдаан, мягмар, лхагва гарагт байнгын хороодын хуралдаан, пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаантай байдаг билээ. УИХ-ын хаврын болон намрын чуулган тодорхой хугацаанд үргэлжилж, нарийн төлөвлөгөөний дагуу хуулийн төслүүдийг хэлэлцэн баталдаг уламжлалтай юм.