Гадаадын иргэнд үрчлэгдэж байгаа хүүхдүүдийг хамгаалах хууль эрх зүйн орчин алга
Хүний наймаа, тэр дундаа хүүхэд худалдаалах гэмт хэрэг яагаад гардаг вэ. Монгол Улс яагаад дэлхийн улс орнуудын анхаарлыг энэ сэдвээр ингэтлээ татах болов гэдэг асуулт яахын аргагүй гарч ирнэ. Хариулт нь ч бас тов тодорхой ажээ.
Асрамжийн газар гэх байгууллагын хяналтыг гадаадын иргэдэд бүрэн өгчихдөг улс орон манайхаас өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Одоогоор Монголд гадаадын хөрөнгө оруулалттай 30-40 гаруй асрамжийн газар байдаг гэнэ. Эзэн нь Герман, Япон, АНУ, Австралийн иргэд. Тэд үнэхээр Монголын өнчин ядуу хүүхдүүдэд туслаад байна уу гэвэл эргэлзээтэй. Учир нь тэд зөвхөн бүтэн өнчин хүүхдийг асрах сонирхолтой байдаг ажээ.
Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгааллын үйлчилгээний газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр:
“Халамжийн төвд байгаа хүүхдүүдийн тоо хэлбэлзэлтэй байдаг. Зарим нь 18 нас хүрээд амьдрал зохиогоод асрамжийн төвөөсөө гардаг. Урьд нь 1000 гаруй байсан бол одоо 930 болжээ. Тэгэхээр 100 нь хаачсан бэ гэж гайхаж магадгүй. Бид сая тооллого явуулахдаа тухайн асрамжийн газарт “Танай бүртгэлд 60 хүүхэд байна. 60 л байх ёстой” гээд хүүхдүүдийн баримтыг нэхсэн. Тэгээд нийт байгаа хүүхдийг тоолоод, байхгүйг нь ямар шалтгаантай вэ гэдгийг тогтоосон” гэжээ.
Аль ч талаас нь харвал хүүхдийг хууль бусаар хил давуулах гэмт хэргийн золиос нь энэхүү гадаад эзэнтэй асрамжийн газар байх магадлал маш өндөр байгаа юм. Тэгээд ч ямар шалгуураар асрамждаа авч, яаж асраад, хэн гэдэг хүн болгож, эцэст нь манай нийгэмд буцааж “тавьдаг” эсэх нь тодорхой бус. Дээрээс нь монголчууд нэвтрэх бараг боломжгүй, шуудхан хэлэхэд асрамжийн газар нэртэй хаалттай ертөнц бий болоод даруй 15 жил орчим болжээ.
Бид энэ талаар сурвалжлахаар Улаанбаатарт байдаг асрамжийн газруудын хаяг, байршлын жагсаалтыг олж аван, ийм газар олноороо байдаг Баянзүрх дүүргийг зорьсон юм.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын үүдний жижүүрээс 12, 20 дугаар хорооны дарга нарын суудаг конторыг заалгаж аваад гарлаа. Эхлээд Жанжин клуб гэж нэрлэж заншсан 12 дугаар хорооны байранд очиход Засаг дарга нь ашгүй байж байна. Хорооны Засаг даргыг Н.Мөнхтуяа гэнэ. Түүнээс хороонд нь үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” хүүхдийн асрамжийн төв хаана байдаг талаар асуулаа. Тэрээр “Энэ ажлаа аваад удаагүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна” гэж байна.
Мөн Засаг дарга “Саяхан “Альфа коммунитиз” компанийн захирал гэх эмэгтэй хороон дээр ирж оюутан болж байгаа хоёр хүүхдийн тодорхойлолт авсан. Түүнээс манай хорооны хагас өнчин хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх боломжтой юу гэж асуухад “Манайх бүтэн өнчин хүүхэд авдаг” гэж хэлсэн хэмээн ярьж байлаа. Хорооны дарга бидний тавьсан асуултыг Нийгмийн ажилтнаасаа асуухад “Манайд Мишээл гэсэн нэртэй төв байхгүй. Харин Альфа коммунитиз” нэртэй олон улсын хүмүүнлэгийн байгууллага бий” гээд хаягийг нь өгсөн юм. Өгсөн хаягийнх нь дагуу нэлээд хайсны эцэст зорьсон газраа ирлээ.
Модон хаалгатай, банзан хашаа байна. Хаалгыг нь удаан балбасан ч хүн гарч ирсэнгүй. Хашааны завсраар харахад суудлын жижиг тэрэг, дан шавар байшин, хоёр жижиг амбаараас өөр зүйл харагдсангүй. Харин шавар байшинтай залгаа төмөр торон хашаан дотор хоёр давхар, модон улаан байшин байв. Хашаан дотор жижиг хашаа байсан л гэсэн үг л дээ. Тэгж байтал шавар байшингийн цонхоор эрэгтэй хүн харж байхаар нь бушуухан гараараа даллаж амжив.
Төд удалгүй байшингийн хаалга нээгдэж нөгөө залуу хоолойгоо засч “Сайн байна уу” гэсээр ирлээ. Түүнээс “Энд хүүхдийн асрамжийн газар байдаг уу” гэхэд “Ямар хэргээр явна” хэмээн хариу асууж байна. Бид “Танай асрамжийн газартай танилцах гэсэн юм” хэмээн учир байдлаа хэлбэл дотогш орохыг зөвшөөрч хаалгаа нээлээ. Яг үнэндээ дотор ортлоо сэтгүүлч гэдгээ хэлсэнгүй. Учир нь Монгол дахь асрамжийн газар гэдэг хаалттай ертөнц байдаг билээ.
Хашааны зүүн урд нохойны саравч байх. Бидний нохойноос айсныг анзаарчээ. “Нохой байхгүй. Хажуу хашаанд бий, гэхдээ дайрахгүй” гэж өнөөх залуу биднийг тайвшруулж байна. Биднийг тэр Хүүхэд өргөж авах гэж байна гэж бодсон уу, аль эсвэл хүүхдийн хаягтай улсын байгууллагаас явна гэж санасан уу, их л уриалгахан хандсаар дотогш нэвтрүүлэв. Үргэлжлэл бий...
Дэлгэрэнгүй сурвалжлагыг бичлэгээс сонирхоорой...