Х.Бат-Ялалт: Төрийн албаныхан нүдэн дээр хөлжөөд хөрөнгөжөөд байдаг
"Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт
2013.12.10

Х.Бат-Ялалт: Төрийн албаныхан нүдэн дээр хөлжөөд хөрөнгөжөөд байдаг

“Зөв монгол” хөдөлгөөнөөс төрийн албан хаагчид гэмт хэрэгт холбогдсон талаар баримттай мэдээлэл өгөхөөр хэвлэлийнхэнд өчигдөр хандсан юм. Энэ үеэр “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтаас зарим зүйлийг тодрууллаа.

-Төрийн албан хаагчдад яагаад шүүмжлэлтэй хандах болов. Та өмнө үндэслэлгүйгээр ажлаасаа халагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь төрийн албан хаагчид гэж байсан. Энэ талын баримт хэлж болох уу?

-Төрийн албан хаагчид өөрсдийн эрх, давуу байдлаа эдийн засгийн баталгаа мэтээр ойлгодог. Төрийн өөрийнх нь дотоод хяналтын систем ажиллахгүй болчихсон учраас та нар хаа хүрэх газраа хүртэл яв гэдэг. Иймэрхүү том толгойтой, хууль дүрмээ уландаа гишгэсэн, өргөсөн тангаргаасаа няцдаг хүн маш олон болчихоод байгаа юм. Харилцаанаасаа эхлээд л хүнийг ялгаварладаг.

Өөрөөр хэлбэл, хүнийг гаднаас нь хараад ялгаварлаж харилцдаг байх жишээтэй. Төрийн албан хаагчдын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгадаг, хянадаг байгууллагууд нь ажлаа хийхгүй байна. Мөн шинэ дарга гарч ирэнгүүт өөртөө таалагдахгүйгээ халдаг, сольдог бол шүүхээр дандаа үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гэсэн шийдвэр гарсан байдаг.

Үндэслэлгүйгээр ажил, албанаас нь халах шийдвэрийг бол маш ихээр гаргасан байдаг. Тэгэхээр төрийн албан хаагчдын хууль дүрмийнхээ дагуу ажилласан хүмүүсийг үндэслэлгүйгээр халдаггүй байх, төрийн албан хаагчид нь өөрсдөө хууль тогтоомжоо иргэдээсээ шаарддаг шигээ өөрсдөө сахин биелүүлдэг байх тогтолцоог л бий болгомоор байна.

-Төрийн албан хаагчдын гаргаж буй нийтлэг алдаа дутагдал юу байна вэ?

-Хуулийг хамгийн ихээр зөрчиж байна. Маш тодорхой, нүдэн дээр хөлжиж, хөрөнгөжөөд байдаг төрийн өндөр албан тушаалтнууд бидний дунд амьдарч байна. Тэгэхээр энэ бодитой нөхцөл байдлыг өнөөдөр төр засаг, улс төрийн намууд маш их шүүмжилдэг хэрнээ яг бодит байдал дээр энэ зүй бус үйлдэлтэй тэмцэхгүй байгаа нь биднийг ийнхүү дуугарахаас аргагүй байдалд хүргэж байгаа юм.

Үүнийг бол улс төрийн арга хэрэгсэл төдийгүй ард иргэдэд таалагдах үг болгож ашигладаг болсон нь л маш их харамсалтай байна.