О.Баасанхүү: Монгол Улс иргэнээ хамгаалдаг гэдгээ харуулах хэрэгтэй
ОХУ-д хоёр жил орчим хугацаанд хоригдож буй Баян-Өлгий аймгийн харьяат Хайриболат гэх залууг эх оронд нь авчирэх талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү идэвх санаачилгатай ажиллаж байгаа.
Энэ талаар түүнээс тодруулга авах гэтэл гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх,
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй байдалд Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгүүд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллаж байсан юм.
О.Баасанхүү гишүүнээс Хайриболатын талаар тодруулга авснаа хүргэе.
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгүүд орон нутгаар яваа гэсэн. Газар дээрээ нөхцөл байдал ямар байна вэ?
-Бид өнөөдөр (өчигдөр) Улаанбаатараас хөдөлж байна. Иргэдийн ярьж буйгаар их сүрхий зүйл сонсогддог. Тиймээс бид өөрсдийн нүдээр харж үнэлэлт дүгнэлтээ өгнө. Бидний хөдөө яваагийн шалтгаан нь Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулинд хэрхэн өөрчлөлт оруулах талаар бодит баримт цуглуулахаар яваа гэж ойлгож болно. Энэ хуулийг сайн гаргахын тулд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй.
-Та нар ямар ямар аймгуудаар явах вэ?
-Ажлын хэсгийнхэн Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангайн Уянга, Говь-Алтай аймгийн дуулиант “Алтайн хүдэр” компаниудаар Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг шалгана. Хэн хэн нь цаашид юуг анхаарч ажиллах вэ гэдэг дээр энэ томилолт ихээхэн өгөөжөө өгөх байх. Одоогоор эдгээр газруудад очиж амжаагүй байгаа тул хараахан мэдээлэл өгөх боломж алга.
-Таныг ОХУ-д хоёржил хоригдож байгаа монгол иргэнээ авч ирэхээр хөөцөлдөж байгаа гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?
-Энэ маш ярвигтай байна. Гэхдээ Монгол Улсынхаа иргэний төлөө өөрийн хүчийг өгнө хэмээн төр түмнийхээ өмнө тангарагласан тул явахаас өөр аргагүй юм. 2012 оны зургадугаар сард Баян-Өлгий аймгийн Хайриболат гэдэг залуу хилийн орчимд байхад нь ОХУ-ын нутагт ороод ирээч хэмээн дуудсан юм билээ. Хүн дуудаад байхад очихгүй байлтай биш мань эр очсон байгаа юм. Гэтэл үгийн зөрүүгүй зодсон байна лээ. Тэгээд шууд хорьчихсон.
-Тухайн үед Хайриболат хил нэвтрэх зөвшөөрөл авсан байсан уу. Шүүх хурал нь хойшлогдоод байгаа сураг байсан?
-Тэр залуу уг нь хилээр түр нэвтрэх цагаан хуудастай явсан юм билээ. Ямартай ч өнөөдөр болтол шүүх хурал нь болоогүй байна. Энэ асуудлыг бид шийдэх ёстой.
-ОХУ-ын талаас ямар шаардлага тавьж байна вэ?
-Бид малынхаа араас явдаг хэрнээ хүнийхээ араас явахгүй байна. Энэ хүн Монголын хилээр визтэй гараад явчихсан хүн биш. Нөгөө талаас түр нэвтрэх үнэмлэхээр гарсан тул манай талтай хамтарч ажиллах ёстой гээд байгаа юм билээ.
-Өмнө нь та энэ залуугийн асуудлаар яваад ирсэн гэж байсан. Ямар нэгэн нааштай хариу сонсож чадаагүй юм уу?
-Тэр үнэн. Иргэнээ эх оронд нь эртхэн авч ирэх юмсан гээд өмнө нь тийшээ яваад ирсэн. Горный Алтайскийд очоод тэндхийн хууль хяналтын байгууллага болон төр засгийн районы хүмүүстэй уулзсан.
Миний гол шаардлага манай иргэнийг зодсон гэх мэдээлэл байгаа тул иргэнээ ямар байгааг хармаар байна гэдэг шаардлагаа тавьсан. Харамсалтай нь тэд энэ шаардлагыг хүлээж аваагүй. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө хүнтэй уулзъя гэсэн ч ОХУ-ын талаас зөвшөөрөхгүй байгаа. Харин Хайриболатын ар гэрээс “Та энэ хэргийг шийдэж өгөөч.
Манай нөхөр ямар ч хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдчихоод байна" гэсэн гомдол надад ирсэн. Энэ ганц хүний асуудал биш. Ард нь бүхэл бүтэн гэр бүлийн асуудал хөндөгдөж байна. Хоёр жил орчим тэдний гэр бүлийнхэн ямар их сэтгэлийн хямралтай байсан болоо. Үүнийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Дэмжих хэрэгтэй.
-Шүүх хурал нь болоогүй байгаа юм чинь Хайриболат урьдчилан хоригдох төвд байгаа гэсэн үг үү?
-Манайхаар бол урьдчилан хорих төвд хоригдож байгаа юм.
-ОХУ-ын зүгээс ямар үндэслэлээр түүнийг хорьсон юм бэ?
-Түүнийг сум, зэвсгийн наймаа хийсэн гэх үндэслэлээр хориод байгаа юм шиг байна лээ. Яг зэвсгийн наймаа хийсэн үгүйг би сайн мэдэхгүй. Миний бодлоор Монголын түр үнэмлэхтэй хүн бүр ингэж хууран мэхлэгдээд байж болохгүй гэсэн бодолтой байна.
Засгийн газар хоорондын гэрээгээр гэрээлсэн бүсэд хил орчмын иргэд түр хугацаагаар орж гардаг гэдэг утгаараа манай иргэн нутгийн гүн рүү бүр яваагүй гэдэг шалтгааныг нь бид нөгөө талд тавиад байгаа юм.
-Энэ талаар олон улсын байгууллагад хандаж үзсэн үү?
-Манай орон л иргэнээ тоохгүй байгаа болохоос олон улсын хэмжээнд энэ том хэрэг мандаахаар зүйл. Олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид ОХУ нэгдсэн байдаг. Тэр шугамаар нь судалгаа хийж байна. Бид хүнээ авах гэсэн юм гээд зүгээр нэг материал өгөөд шийдчихдэг эд биш юм билээ.
Монгол Улсынхаа иргэний төлөө өөрийн хүчийг өгнө хэмээн төр түмнийхээ өмнө тангарагласан тул явахаас өөр аргагүй.
Тэр утгаар нь материалуудаа нөхцөлд заасан хэмжээнд нь бэлдэж байгаа. Улс гэдэг нэг хүндээ ч гэсэн анхаарал хандуулах ёстой. Цаашлаад хүний амь нас яригдах асар том хариуцлага. Би төрийн түшээ гэдэг утгаараа иргэнийхээ аюулгүй байдлыг хангахад анхаарах болно.
-Тантай хамт Монгол Улсын иргэнээ хамгаалах тал дээр сэтгэл нэгдсэн хүмүүс байна уу?
-УИХ-ын гишүүдээс Д.Сумъяабазар гишүүн дэмжиж байгаа. Би Д.Сумъяабазар гишүүнд хамт явъя гэхэд “Хамт явахад бэлэн” гэсэн. Бусад гишүүд ямар байр суурьтай байгааг мэдэхгүй байна.
-Цаашид ямар арга хэмжээ авъя гэж бодож байна вэ?
-Тухайн улс өөрийн гэсэн хууль, дүрэмтэй тул миний зүгээс хийж чадах зүйл бага байна. Гэхдээ Монгол Улс иргэнийхээ төлөө анхаарал тавьдаг, хамгаалдаг шүү гэдгийг л мэдрүүлэх гэж яваад байгаа юм.
-Та УИХ-ын гишүүн гэдэг утгаараа Засгийн газар хооронд шийдвэрлэж болохгүй юу?
-Орос Монголын Засгийн газрын хэлэлцээрийн даргаар Д.Тэрбишдагва дарга ажилладаг. Энэ тухай би хангалттай ярьж байгаа. Гадаад хэргийн яаманд уг асуудлыг мэдэгдсэн. УИХ дээр хүртэл би шаардлага тавьж байсныг хүмүүс санаж байгаа байх.
-Ар гэрийнхэнтэй нь уулзахад танд ямар мэдээлэл өгч байх юм?
-Ар гэрийнхэн нь уулзаж, байнга холбоотой байгаа. Надад итгээд хандаж байгаа энэ хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй. Ганцхан би ч гэлтгүй бусад олон хүмүүс үүнд анхаарал хандуулах хэрэгтэй юм. Хүн гэдэг тухайн улс үндэстнийхээ хамгийн үнэт баялаг байдаг. Ямар ч уул уурхай, алтнаас илүү эрдэнэ юм.