0.Баасанхүү: Намайг заналхийлсэн хүн Х.Тэмүүжин байхыг үгүйсгэхгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Хүний эрхийн өдрөөр тантай уулзъя гэж бодсон юм. Та УИХ-д орж ирэхээсээ өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан байхаа?
-Би 1997 онд их сургууль төгсөөд л Удирдлагын хөгжлийн академид багшаар орсон юм. Үүнтэйгээ. зэрэгцүүлээд АНУ-ын нэг олон улсын байгууллагад ажилласан. Ерөнхийдөө 15 жил эрх зүйт төрийн чиглэлээр ажилласан юм. Өөрөөр хэлбэл, одоо яриад байгаа энэ эрх зүйн шинэчлэл, шүүхийн шинэчлэлийг бид ярьж л байсан.
Тодорхой тодорхой ажлууд ч хийсэн. Эрх зүйн шинэтгэлийн асуудал бол шинэ юм биш л дээ. Аль өнцгөөс хаашаа явах ёстой, юу юуг өөрчлөх хэрэгтэй вэ гэсэн зарчмыг би мэдэж л байгаа. Миний хэлдэг, баримталдаг байр Суурь бол аливаа шинэтгэл хүний эрхийг л нэгдүгээрт тавьсан байх ёстой. Хоёрдугаарт эрэмбэлэх юм бол эрх зүйн шинэтгэл биш.
-Одоо тэгээд манайд ямар шинэтгэл хийгээд байгаа юм бэ?
-Орж ирсэн хуулиудтай зарим талаар би санал нийлэхгүй л байгаа. Жишээ нь, Мөрдөх албаны тухай ярьж байна. Угаасаа л Монгол Улсад мөрдөх алба байгаа. Мөрдөн байцаах газар гээд байж л байна. Зүгээр чанаржуулъя гэвэл Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газар хоёрыг нийлүүлэх ёстой юм.
Тэгээд ЦЕГ-ын харьяанд байхад болно. Ийм байхад заавал Хууль зүйн яамны хажууд авчирч, тусгай агентлаг байгуулах ямар ч хэрэггүй. Тахарын албыг ч гэсэн ШШГЕГ-ынхан дотроо хийчих хэрэгтэй. Ерөнхийлөгч хэлээд байгаа ш дээ. Худлаа баахан байгууллага бий болгочихдог. Тэрэндээ ажил олж өгөх хэрэг гардаг, бас байр сав, мөнгө төгрөг гээд бөөн юм болдог. Би энийг л шүүмжлээд байгаа юм.
-Гол нь холбооны улсуудад хэрэглэдэг хуулиудыг шууд л манайд хүчээр нутагшуулах гээд байгаа юм биш үү. Гэтэл манайх чинь нэгдсэн төрт улс.
Худлаа баахан байгууллага бий болгочихдог.
-Ерөнхийдөө үндсэн санаа тийм. 1990 онд Монгол Улс Үндсэн хуулиа баталснаас хойш Германы Ханс Зайделийн сан, Конрад Аденауэрын сан, USAID, “Жайка” эд нар оролцсон эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр явсан юм. Нэлээд өндөр өртөгтэй төсөл л дөө. Яг үүн шиг одоо энэ яриад байгаа төсөл ч гэсэн тодорхой мөнгөтэй байгаа гэдэгт би эргэлзэхгүй байгаа юм.
Ард нь асар их хэмжээний мөнгө бий. Гол нь тэр мөнгийг зөв зарцуулах ёстой. Мөнгө авсан ч гэсэн Монгол хөрсөндөө буулгах ёстой байхгүй юу. Харамсалтай нь тэгэхгүй байна. Түс тас хэлчихвэл манай Хууль зүйн сайд өөрийн толгойгүй, өөрийн мэдлэггүй хүн. Найз нөхдөөсөө, багш нараасаа, ер нь л янз бүрийн хүмүүсээс сонссон зүйлээ өөрийн болгож худлаа ярьдаг л хүн байхгүй юу. Энэ худлаа ярьсан зүйлс нь эргээд Тэмүүжингийнх болдог. Би үүнтэй адилхан жишээ хэлье л дээ.
Манай Л.Эрдэнэчимэг гишүүн сүүлийн үед ичмээр байдалд орлоо ш дээ. Эхлээд “Энэ хуулийг би санаачилсан” гэнэ, сүүлдээ “Би санаачлахад нь оролцсон” болдог. Эцэстээ бүр “Энэ хуулийг өөрчлөх ёстой” гэж ярьж яваа. Ярьдаг ганцхан сэдэвтэй гэх үү дээ. Үүн шиг Х.Тэмүүжин хуучин Ашиг сонирхлын хууль л гэж ярьдаг байсан хүн. Тухайн үеийн залуу гишүүд, Нээлттэй нийгэм форум энэ тэр оролцоод ямар ч байсан хууль гаргасан.
Харин одоо бол ганц ярьдаг хуультай хүн чинь сайд болонгуутаа бусдын ярьсныг нийлүүлж ярьдаг болчихсон. Миний бодлоор энэ бүх хийх гэж байгаа сайхан зүйлийн автор нь Ерөнхийлөгч. Тэр хүн эрх зүйн шинэтгэл хийе, авлигын эсрэг явъя, шударга төр бий болгоё гээд байгаа ч бодлого нь зөв явахгүй байна. Яагаад гэвэл дундуур нь Х.Тэмүүжин хувийн тоглолт хийгээд байгаа юм.
-Эрх зүйн шинэтгэлийн цаана их мөнгө байгаа гэлээ. Хаанаас гарч байгаа мөнгө юм бэ?
-Яг таг нотолгоогүй юмаар хардаж ярихаас өөр арга алга. Өөрөөр хэлбэл, эндээс, тэндээс санхүүжүүлж байгаа гээд хэлж чадахгүй нь. Харин схемийг нь ярьж чадна. Жишээ нь, Станфордын их сургууль дээр хэсэг нөхдүүд судалгаа хийгээд турших хэрэг гардаг байхгүй юу. Өөрсдөө, улс орон дээрээ турших бололцоогүй ш дээ. Жижиг орны зовлон бол том гүрний туршилт болчихдог.
Бүх хүнийг архигүй болгох Хуурай хууль гаргая гэж бодъё. Өөрийнхөө улс дээр шууд туршвал томоохон хохирол амсана. Эхлээд эерэг, сөрөг үр дагаврыг нь жижиг орон дээр туршдаг юм. Тэр туршилтаа хийхийн тулд Дэлхийн банк ч юм уу, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч гэдэг юм уу, янз бүрийн байгууллагаар дамжуулж янз бүрийн нэртэй санхүүжилт өгдөг.
Тэр нь Монголыг туршилтын хулгана болгочихдог. Би үүнээс л сэргийлээд байгаа юм. Тэгэхээр бүгдээрээ хамт сууя, ярилцъя. Түүнээс ганц залуугийн амбицийг бид өнөөдөр ярих ёсгүй. 15 жил ерөнхийдөө энэ чиглэлээр ажилласан хүний хувьд би энийг хамгийн сайн мэдэж байгаа. Тиймээс л манай залуу сүүлдээ ярих сэдэвгүй болчихоод хувь хүн рүү дайрч давшилж байна даа.
-Тань руу юу. Ямар дайралтууд вэ?
-Миний нэр төр рүү, гэр бүл рүү, шашин шүтлэг рүү дайрч байгаа. Энэ бол хамгийн арчаагүйнх нь илрэл. Хууль зүйн сайд хүний үг шүүхийн шийдвэртэй адилхан ард түмэнд тусдаг. Хэрэв таныг гэмт хэрэгтэн гээд зарлачихвал та гэмт хэрэгтэн шиг л ард түмэнд харагдана. Таныг авлигач гэвэл авлигач л юм шиг бодогдоно. Намайг гадаадын шашнаас мөнгө төгрөг авдаг, сурталчилдаг гэсэн. Би үүнийг нь гайхаж байгаа.
Тиймээс ч ардчилсан Ерөнхийлөгчөөс асуусан. Би 1994 оноос 2011 оны нэгдүгээр сарын 26 хүртэл АН-ын гишүүн байсан хүн. Миний амьдралын нэг мөчлөг энэ намтай холбоотой. 2008 онд амь насаараа дэнчин тавьж, шорон гянданд хүртэл орчих гээд гүтгэгдээд явж л байсан. Миний байр сав руу дайрч байсан удаатай. Зодуулж ч явсан, боолгуулж ч байсан хүн шүү дээ. Ийм зовлон амссан хүнийхээ хувьд би ардчиллын үнэ цэнийг мэднэ ээ. Ардчиллын гол үнэ цэн бол нэгдүгээрт хувийн өмч рүү дайрах ёсгүй юм.
Гэтэл яаж байна. Гэмт хэргийн тухай хууль гэж оруулж ирэхдээ л хүртэл компанийг эрүүгийн хариуцлагад татна гээд оруулаад ирлээ. Хоёрт, итгэл үнэмшил, шашин шүтлэг байна. Гурав дахь нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байх ёстой. Жишээ нь, би хэвлэл мэдээллээр янз бүрийн л юм бичдэг, ярилцлага өгдөг. Үүний хариу болгож зохион байгуулалттайгаар нэг утгатай зүйлийг адилхан IP- тайгаар бичдэг. Бүр янз бүрийн юм бичдэг шүү.
-Юу бичсэн юм бэ?
-Би нэг л зүйл хэлье. Манай эхнэр төрөөд жил гаруй л болж байна. Эмэгтэй хүн төрнө гэдэг амар юм биш. Үхэх, төрөх хоёр адилхан гэдэг биз дээ. Үхэлтэй ноцолдоод, төрчихөөд сав нь ч агшаагүй байхад над руу юу гэж бичсэн гээч. “Чиний эхнэрийн агшиж амжаагүй сав руу чулуу чихээд, аав, ээжийг чинь гэртэй нь шатаана. Чиний үр хүүхдийг алаад, чамайг алахаас наагуур болгоод шүүх дээр очоод инээхэд чи ер нь яах юм. Миний ард томчууд байгаа гэж надад хандаж сэтгэгдэл хүртэл бичсэн байсан.
-Хэзээ вэ, та шалгуулсан уу?
-2012 оны арваннэгдүгээр сард шүү дээ. Би тэр дор нь шалгуулсан. Тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлд хүртэл бичиг өгсөн. Дараа нь ЦЕГ-ын дарга Б.Билэгтэд ч бичиг өгсөн.
-Тэд ямар хариу өгсөн бэ?
-Сэтгэгдэл бичихийн тулд тусгай программ ашигладаг. Монголд байгаа хэрнээ л Австралиас, Англиас ч юм уу бичиж байгаа юм шиг болгочихдог программ л даа.
-Интернэттэй л байхад сэтгэгдэл биччихдэггүй юм уу. Заавал программ ашигладаг юм уу?
-Мөнгө авч зохион байгуулалттай бичиж байгаа хүмүүс тэр программыг л ашиглаж бичдэг юм байна. Цалинжуулаад л сэтгэгдэл бичүүлдэг юм билээ. Төрийн ордонд сууж байгаад л Австралиас, Англиас бичсэн юм шиг биччихдэг гэх үү дээ. Тийм программ ашигласан учраас бид олж чадахгүй байна гэж тагнуулынхан хэлсэн.
-Боломжгүй юм байна л даа.
“Гишүүн ээ, нуулгүй хэлэхэд энэ бол зохион байгуулалттай хийсэн зүйл байна. Та хэний уурыг хүргэж байгаагаа өөрөө мэдэж байгаа ш дээ” гэж хэлсэн л дээ.
-Би Тусгай хяналтын дэд хорооны гишүүн хүн. Янз бүрийн л хүнтэй уулздаг. Тагнуулынхан хүсвэл тэрийг олж чадна. Хэдэн жилийн өмнө жинхэнээсээ гадаадаас сэтгэгдэл бичихэд нь яг интернэт кафе-даа сууж байхад нь барьж авсан тохиолдол байдаг. Ерөнхийлөгчийг ч бил үү муулж бичлээ гээд Монголд авчирч байсан удаатай.
Тийм байхад олохгүй байгаа нь хүсэхгүй байгаагийнх л гэж би тагнуулынханд хэлсэн. Тэгэхэд тэр хүмүүс “Гишүүн ээ, нуулгүй хэлэхэд энэ бол зохион байгуулалттай хийсэн зүйл байна. Та хэний уурыг хүргэж байгаагаа өөрөө мэдэж байгаа ш дээ” гэж хэлсэн л дээ.
-Та хэний уурыг хүргэсэн юм бэ?
-Санаж байвал би яг тэр үйл явдлын дараа олон дайсантай байх хэрэггүй юм байна гэж хэвлэлд яриа өгч л байсан. Ер нь бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэрийг заавал олж өгөх үүрэгтэй. Үгүй бол Х.Тэмүүжин үүнийг хийсэн, намайг заналхийлсэн гэж бодож байгаа. Яагаад үүрэгтэй вэ гэхээр Хууль зүйн сайд гэмт хэрэгтнийг олох ёстой. Тийм байтлаа намайг хэвлэлээр доромжилж байна гэдэг нь тэр гэмт хэрэгтний үйлдлийг зөвшөөрч байгаатай л адил.
Яагаад гэвэл энэ чинь зохион байгуулалттай хийж байгаа ажил. Гэмт хэрэгтний хийж байгаа үйлдлийг таслан зогсоохын төлөө Хууль зүйн сайд явах ёстой биз дээ. Гэтэл тэр хүн өөрөө хүний эрх зөрчдөг, хүн доромжилдог, бодол санааных нь төлөө мөрдөн мөшгөсөн байдлаар үг хэлдэг. Тиймээс би хардах эрхийнхээ хүрээнд Х.Тэмүүжин сайдыг хардаж байна.
-Тэрнээс тагнуулынхан бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин заналхийлсэн гэж хэлээгүй юм уу?
-Тэгж хэлээгүй ч надад хэн бэ гэдэг нь ойлгогдохоор л хэлсэн. Гэхдээ би нотолдог байгууллага биш. Би цагдаагийн газарт дахин хандаад эрүүгийн хэрэг үүсгэ гэж хүссэн. Яагаад гэвэл энэ бол маш ноцтой зүйл. Зүгээр л нэг сэтгэгдэл төдий асуудал биш шүү. Зохион байгуулалттай ажил. Над руу бас хэд хэдэн удаа заналхийлсэн мессеж бичсэн. Тэр хүнийг нь би олсон л доо.
Над руу “Чи Тэмүүжинг оролдоод үзээрэй, хохь чинь шүү, ална шүү” л гэсэн байсан. Бүх баримтыг нь хуулийн байгууллагад өгсөн. Надад одоогоор албан ёсны хариу нь ирэхгүй л байна. Ер нь бол нэг эмэгтэй Хууль зүйн сайдыг гутаасны төлөө төр ажилладаг, Хувьсгалт намын нэг гишүүн үг хэлэхэд төр зогсчихдог байж таарахгүй биз дээ. УИХ-ын гишүүн надад ингэж хандаж байгаа юм чинь жирийн иргэн та яаж эрхээ хамгаалуулах вэ. Иргэн Цэцгээ, Батаа, Доржийн өмнөөс би эрхээ хамгаалж чаддаг байх ёстой. Тэгвэл тэд ч гэсэн эрхээ хамгаалж чадна.
-Тагнуулынхан чадахгүй нь гэсэн юм байна. Цагдаа юу гэж байна?
-Бас л хариу өгөөгүй. Бодвол Х.Тэмүүжингийн дор байгаа юм чинь чадахгүй л гэнэ биз. Би Тагнуулын шинэ дарга Ариунсанд ч бичиг өгөөд байгаа. Яагаад сэтгэл гаргахгүй байгаа юм ч гэж хэлж үзсэн.
-Баасан гаригийн чуулган дээр юу болов оо. Х.Тэмүүжин сайдын ярилцлагыг уншиж байхад “Би шашин шүтдэггүй хүн” гэж байсан. Таныг шашин шүтсэний чинь төлөө гадуурхаад байгаа юм уу?
-Хамгийн ноцтой нь тэр хүн намайг гадаадын шашин сурталчлаад, гадныхнаас мөнгө гуйж явдаг гэж хэлсэн.
-Та ямар шашин шүтдэг юм бэ. Сурталчилсан юм уу тэгээд?
-Би сурталчлаагүй. Бас гадаадын шашин ч гэж боддоггүй. Христийн шашнаа би Монголын шашин гэж боддог. Хубилай хааны ээж Дорнын христийн шашинтай л байсан хүн. Чингис хааны Хэрэйд, Найман аймгууд ч христийн шашинтай байсан биз дээ. Шашинд гадаад, дотоод гэж байхгүй. Буддын шашин ч тэр, бөө мөргөл ч ялгаагүй гадаад, дотоодынх биш. Энэ бол хүний итгэл үнэмшлийн асуудал. Ийм байхад Хууль зүйн сайд нь хүнийг шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж байгаа нь өөрөө утгагүй. Тэр тусмаа ардчиллын баярын өдрөөрөө тийм үг хэлснийг нь бодвол АН-ыг ардчилсан коммунист нам болжээ л гэж харсан.
-Та Х.Тэмүүжин сайд руу тэр “Лексус 570”-ынхаа учрыг ол гээд байсан. Ямар учиртай юм бэ?
-Бас л хардаж байгаа юм л даа. Хардах шалтгаан маш энгийн. Нөхөр би өөрийнхөө машинтай явж байгаад торгууллаа гэж намар шоудаа биз дээ. Миний хувьд хууль зөрччих вий гэж болгоомжилж, гэрлэн дохиогоор гарахдаа ч хичээдэг. Яагаад гэвэл би олон нийтийн өмнө үүрэг хүлээсэн хүн. Гэтэл нөхөр хууль зөрччихөөд РR хийсэн. Гадаадад бол тэр тусмаа Хуулийн сайд нь хууль зөрчвөл огцрох ёстой л доо. За энэ ч яахав.
Дараа нь би Х.Тэмүүжин сайдын намтрыг харсан юм. Shuud.mn сайт дээр гэр бүлийнх нь зураг гээд бүх намтар энэ тэр нь байсан. Харсан чинь Х.Тэмүүжин надаас ч бараг долоон дор амьдралтай хүн байна лээ. Цалингаас цалингийн хооронд амьдардаг над шиг хүн ч гэж болно. Энэ хүнд бизнесийн ямар ч түүх байгаагүй. Тийм болохоор хардсан. Аливаа улстөрчийн гурван зүйлийг харж байх ёстой юм.
Цаг нь өөрчлөгдсөн үү, гутал нь өөрчлөгдөв үү, үл хөдлөх хөрөнгө нь өөрчлөгдөв үү гээд. Үүнээс нь хамаарч тэр хүн дээр татвар, авлигынхан заавал шалгалт хийдэг. Нөгөө яриад байдаг авлигын хэрэг ингэж л илэрдэг. Би хувьдаа Х.Тэмүүжинг цалингаараа автомашин авчих хүн гэж бодохгүй л байна. 570-ынхаа учрыг ол гэдэг үг ийм л утгатай. Тэр өөрөө тайлбар хийх байлгүй дээ.
-570-аа цалингаараа аваа байлгүй дээ?
-Тэгсэн бол сайн л байна. Тэгэхдээ нөхөр чинь өртэй гэсэн байна лээ ш дээ. Ер нь тэгээд цалингаас цалингийн хооронд амьдардаг хүн 10 сая төгрөг цуглуулах гэж 10 жил зовдог. Их сонин ш дээ. Хуримтлал гэдэг илүүдэл гэсэн үг. Илүүдлээр л хуримтлал бий болгодог.
-Та тэгвэл ямар бизнестэй юм бэ?
-Би 1990 оноос хойш бизнес хийсэн хүн. Одоо ч гэсэн компанитай. Бас олон улсын байгууллагуудад өмгөөлөгч хийж явсан. Дэлхий дээр эмч, өмгөөлөгч хоёр л хамгийн баян байдаг биз дээ. Тэр утгаараа би олон улсын байгууллагад өмгөөлөгч хийж явсан хүн болохоор амьдралаа аваад явдаг. Өөрийгөө ядуу гэж боддоггүй. Яахав ядуу байсан айлд төрсөн байж болно. Гэхдээ 20 жилд амьдрал өөрчлөгдөнө шүү дээ. Манай аав, ээж хоёр л гэхэд зундаа 61-ийн гарам руу мал дээр гарчихдаг.
Манайх Монголд цорын ганц байдаг тогооны өрөм хийдэг компанитай. Хэнхэглэж байгаад тийм юмтай болсон л доо. Манай аав, ээж хоёр үнээгээ саагаад өрмөө Хархорин зах дээр зардаг байсан юм. Тэгэхэд нь би зэмлэсэн. Хүнд юм өгөхдөө эрүүл юм өгөөч гэсэн. Сэтгэл гаргаач гэсэн. Ингээд өөрсдөөс хамаарсан стандарт тавьсан. Байнгын шинжилгээнд оруулъя, хайрцагтай болгоё гэсэн л дээ. Бас гадаад явж байгаа иргэд маань аваад яваг гэж бодсон. Нэг шар хайрцагтай өрөм байдаг юм аа хүмүүс мэднэ байх.
-Та түрүүнд Х.Тэмүүжин сайдыг хүмүүсийн ярьдгийг өөрийн болгодог гэж байсан. Уг нь яг л тантай адилхан МУИС-ийн хуулийн сургуулийн бүтээгдэхүүн биз дээ?
-Энэ хүнийг би сайн мэдэхгүй л дээ. Лүндэндорж багш л авчирсан юм. Нэг тийм залуу явж л байсан. Илтгэлийн уралдаанд ороход би нэг, тэр хоёрт ороод л явдаг байсан. Ер нь бол хувийн сургууль төгссөн хүн ч шилдэг байж болно шүү дээ. Манайд болохоор өөр ойлголт яваад байдаг. Улстөрчдийн дунд л гэхэд 40 мянгатынхан ухаантай гэсэн ойлголт байдаг.
Гэтэл сансарт 40 мянгатынхан биш Булганы хүн л ниссэн шүү дээ. Тийм биз дээ. Би ийм л хариулт өгмөөр байна. Өөрөөр хэлбэл, МУИС бол маш сайн сургууль. Гэхдээ дунд нь хааяа нэг Нянгарууд байдаг л байхгүй юу. Хүнд хүнд Нянгарууд манайд нэлээд бий шүү. Яагаад гэвэл энэ чинь том сургууль.
-Тэгвэл Нянгарууд чинь хаданд гарчихаад явж байна шүү дээ?
-Явж л байг. Би Х.Тэмүүжингийн хоолыг булааж авах гээгүй. Би тэрний оронд сайд болох ч гээгүй. Зүгээр л яриад байгаа бодлого нь гайтай нь надад биш ард түмэнд гай болох юм. Үүнээс л сэргийлэх гээд байгаа юм. Манай энэ УИХ дотор чинь хуульчид бас цөөхөн юм аа. Нуулгүй хэлэхэд, манай МАХН-д л хуульчид байна.
Өөрийгөө хэлж байгаа юм биш л дээ. Манай Л.Цог дарга, Ц.Оюунбаатар байна. Бас З.Баянсэлэнгийг оруулж болно. Цаадах чинь бакалавртай. Тэгээд би байна. Харин бусдад нь хуульч алга. МАН-д жишээ нь хэд байна. Тэтгэвэрт гарсан хоёр өвгөн л байгаа шүү дээ.
-Хэн юм бэ?
-Лүндээжанцан, Нямдорж гэсэн хоёр өвөө л байгаа. Харин АН-д хэн ч байхгүй. Ганц л Тэмүүжин байгаа. Ганц морь уралдаанч, ганц дээл барилдаанч гэдэг шиг олонхийн урдаа барьдаг морь нь учраас Х.Тэмүүжинг шүтчихээд байгаа юм л даа.
-Бурхангүй газрын бумба галзуурч байна гэж үү?
-Уг нь АН-д маш сайн хуульчид байдаг юм ш дээ. Аймар мундаг хуульчид зөндөө бий. Даанч УИХ-ын гишүүд дотор нь олигтой хуульч байхгүй ээ.
-Та ярианыхаа эхэнд энэ бодлогын автор нь Ерөнхийлөгч байх ёстой гэх юм. Тэгээд одоо болохоор Х.Тэмүүжингийн болохгүй бодлого гэх юм.
-Энэ болохгүй зүйлийн ард Ерөнхийлөгч байгаа гэж хэлээгүй ээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч маш зөв юм ярьж, хийж байгаа хүн. Гол нь гүйцэтгэгчээ зөв сонгож чадахгүй байна. Нөхөр тийшээ явъя гэхэд морь нь өөр тийшээ давхиад байгаа юм.
Ерөнхийдөө бол Х.Тэмүүжин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг муухай харагдуулаад байгаа юм л даа. Би Ерөнхийлөгчид ухаалаг төрд чинь ухаантай хүн л ажиллах хэрэгтэй гэж хэлсэн л дээ. Дахиад хэлэхэд, Хууль зүйн сайд хүн хүнийг итгэл үнэмшлээр нь ялгаварлаж болохгүй. Коммунист гэгддэг улсуудад ч ийм юм байхгүй. Хойд Солонгосын Ким Чен Ун ч ингэж хэлэхгүй байх. Тэр коммунист Кубад ч ийм юм байхгүй. Энэ бол маш утгагүй бөгөөд харгис үзэгдэл.
-Таныг яг гаднын шашин шүтдэг, санхүүждэг гэж хэлээгүй байлгүй дээ?
-Азаар Төрийн ордонд юм ярихаар бичлэг хийгддэг байхгүй юу. Бүх хэлсэн үг нь бичлэгтэйгээ байгаа.
-Х.Тэмүүжин сайд бол чуулганы танхимд үгээ хэлсэн. Тэнд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй хуультай шүү дээ. Та хэвлэлд ярилцлага өгч байгаа болохоор айгаад байгаа юм уу. Таныг хариултууд дотор “Хардаж байна” гэсэн үг олон сонсогдлоо?
-Хүн гүжирдэх юм бол УИХ-ын танхимд ч үг хэлсэн бай хариуцлага хүлээх хуультай. Би бол айгаагүй ээ. Надад айсан юм байхгүй. Юунаас ч бүү ай, хэзээ ч бүү бууж өг гэдэг бол миний зарчим. Ер нь бол Х.Тэмүүжин сайд намайг тэгж хэлснийг нь би Ерөнхийлөгчид хүртэл дуулгачихсан шүү дээ. Төрийн тэргүүнтэй ганцаарчилж уулзах боломж ч гарах байх. Том төрөөс ухаалаг төр рүү явъя гэвэл тэнэг хүмүүсээс салах нь хамгийн чухал.
Хамт олонд гурван янзын хүн байдаг юм. Нэгдүгээрт, ухаантай хүн. Ухаантай хүн ч алдаа хийнэ. Алдаа хийсэн ч тэрийгээ засчихдаг юм. Харин хоёр дахь нь мунхаг хүн. Дандаа зөрөөд л тэнэг, тэнэг юм хийдэг. Тийм хүмүүсийг зөнд нь орхичихсон нь дээр. Гурав дахь нь муу хүн. Үргэлж хорлонтой юм хийгээд явж байдаг. Би бол Х.Тэмүүжинг маш муу гэсэн тэр ангилалд нь оруулчихаад байгаа л даа.
-Харин таныг дандаа зөрдөг гээд хоёр дахь ангилалд нь оруулчихаад байгаа юм биш үү. Төрийн ордны хажуу талын байшинг л гэхэд ганцаараа эмнэлэг болгох ёстой гээд зөрөөд байгаа биз дээ?
-Зөрөх гэдэг чинь хоёр талтай. Хууль биелүүлэхийн төлөө зогсч байгаа бол зөрж байгаа юм биш. Бидний дундаа барих үндсэн дүрэм нь хууль. Би төрийн албан хаагчдын эмнэлэг болго гэж зөрсөн бол хамаа алга. Тэр ангилалд нь орж болно. Харин би тэгээгүй. Тэгсэн бол ямар мунхаг юм бэ, хоёр эмнэлэг нийллээ л биз гэх байсан байх л даа.
Харин би Батлан хамгаалах яам, төрийн албан хаагчийн эмнэлэг хоёр нийлсэн нь сайн болжээ гэж байгаа. Гэхдээ зөвхөн хуулийн хүрээнд хийгээрэй гэж байгаа. Мөн энэ барилга бол эмнэлгийн зориулалттай. Эмнэлгийн зориулалттай болохоор нь эвдлэхийг нь зөвшөөрөхгүй. Эрүүл мэндийн сайдад өгөөч ээ л гэсэн.
-МАХН-ын сайд болохоор уу?
-Хэн ч байж болно оо. МАН-ын ч сайд байг хамаагүй. Гол нь энийг аваад Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг болгочих. Тэнд ямар ч эмнэлэг байдаггүй юм.
-Та гэхдээ өөрийг чинь дэмжихгүй бол намаасаа татгалзана гэдэг нь эрсдэлтэй юм биш үү. Жагсаалтаар УИХ-д орж ирчихээд...
-Би намаас гарна гээгүй. Харин ч МАХН-ын жагсаалтаар УИХ-д орж ирсэн учраас энэ намын бодлого үзэл баримтлалын төлөө явах үүрэгтэй. Тэнд байгаа гишүүдээ хүндэтгэнэ. Нөгөө талдаа миний яриад байгаа зөв зүйл бол МАХН намайг дэмжих ёстой.
-Дэмжихгүй байгаа юм биш үү?
-Огт дэмжихгүй л байгаа бол энэ намд байх утгагүй байхгүй юу. Гарахаас өөр аргагүй л дээ. Яагаад гэвэл, асуудлын гол нь нам бодлого ярих ёстой. Манай бодлого бол Чингэлтэй дүүрэг. “Шударга ёс” эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Г.Уянга сонгогдсон. МАХН-ын Мянгатын дарга З.Баянсэлэнгэ УИХ-ын гишүүн болсон. Манай бодлого бас эрүүл мэндийн салбар. Сайд Н.Удвал нь МАХН-ын гишүүн. Ийм байхад бодлогоо ярихаас татгалзаж байгаа бол би энэ намд байгаад яах юм бэ.
-Ингэхэд саяхан МАХН-ын гишүүд Солонгос явсан гэсэн. Та явсан уу?
-Яваагүй ш дээ.
-Яагаад яваагүй юм бэ. Танайхан чинь Н.Энхбаяр даргыгаа эргэсэн юм биш үү?
-Би ерөөсөө явдаггүй шүү дээ. Гадагшаа явах мөнгө байдаггүй юм. Уг нь Н.Энхбаяр даргыг эргэмээр л байна. Даанч мөнгө байхгүй. Манайхаас Тэрбишдагва дарга л мөнгөтэй. Би намайг даагаад аваад яваач гэсэн чинь “УИХ-ын гишүүн байж тэр зэргийн мөнгийг өөрөө ол” гэсэн. Гэхдээ тэрийг олчих юм бол авлига болно ш дээ.