Г.Батхүү: 1990 он гэдэг бол бидний амьдралдаа туулсан том даваа
80-аад оны сүүл, 90-иэд оны эхэн үед олон монголчууд ганзагын наймаа эрхэлж бизнесийн гараагаа эхэлж байсан билээ.
Тэдний нэг бол хөдөө сумын төвийн бяцхан хүүгээс компанийн захирал, групп-ын үүсгэн байгуулагч, УИХ-ын дэд дарга болтлоо өссөн Гаваагийн Батхүү юм. Түүний бизнесийн амжилт, улс төрийн замнал ямар саад бэрхшээлийг туулж ирснийг “Амжилт” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар өгүүлэх болно.
Г.Батхүү гэдэг хүн анх яаж бизнест хөл тавьж байсан бэ?
Би ЗХУ-д сургууль төгсөж ирсний дараагаар 10 жил төрийн байгууллагад ажилласан юм. Эхлээд засварын завод гэдэг байгууллагад засварчнаар ажиллалаа. Дараа нь Тээврийн Яаманд ажиллаж байлаа. Гэвч зах зээлийн өөрчлөлт шинэчлэлтийн үед энэ яам татан буугдсан юм. Тэр цагаас л би хэсэг хүмүүстэй хамтраад Орос, Хятад хоёрын хооронд ганзагын наймаа эрхлэх болсноор бизнест хөл тавьсан түүхтэй.
1990-1996 он хүртэл бизнес эрхлэхдээ “Шунхлай” компанийг үүсгэн байгуулж гэр бүлийн компани болгосон юм. Эдийн засгийн хүнд нөхцөлтэй байсан тэр үед шинэ машин гэж ховорхон байсан учраас автомашины агрегат болон кузов засварыг мэргэжлийн түвшинд хийдэг байлаа. Харин 1996 оноос хойш төрийн ажил хийж Дэд Бүтцийн Хөгжлийн Яаманд зам тээврийн газрын даргаар, дараа нь сайдаар ажилласан юм. Энэ мэтээр би гурван засгийн газрын нүүрийг үзсэн хүн.
Ганзагын наймаа эрхэлж байхад эрсдэлтэй зүйл олон байсан байх. Энэ бүхнийг яаж даван туулж байв?
Тэр цагт дотоод зах зээлд бизнес эрхлэх боломж бага байсан учраас хоёр хөршийн хооронд наймаа хийсэн юм. Хятадаас Орос руу бараа таваар хүргэж зарахад эрсдэлтэй үе олон байсан нь мэдээж. Яагаад гэвэл ЗХУ задраад байлаа.
Хоёр орны хооронд арилжаа хийнэ гэдэг аюултай. Онгоц нисэх гэж байгаад бүх мөнгөө дээрэмдүүлээд юу ч үгүй хоцрох үе ч байлаа. Мөн буудалд нь ирж дээрэмдэх, өрөөнд газ оруулж унтуулж байгаад бүх юмыг нь аваад гарчихдаг явдал ч олноор гардаг байлаа.
Тэр үед таньд юу бодогдож байв?
Хөлс хүчээ урсгаж байж олсон мөнгө гэдэг их үнэтэй. Мэдээж хүнд цохилт болсон ч илүү ихийг олохыг хүсдэг байв. Нийгэм эдийн засаг хүнд байсан тухайн үед гадаад зах зээлээс монгол руу мөнгө оруулах, ашиг олох зорилготой л ажилладаг байсан юм. Талх, масло оочероор авдаг, дэлгүүрт гоймон, давс хоёроос өөр юмгүй байсан гээд ярихаар одоогийн залуучууд итгэдэггүй.
Хувь хүн, тэр байтугай улс орон өнгөрсөн түүхээ байнга эргэн харж, алдаанаасаа суралцаж байх хэрэгтэй гэж боддог. 1990 он гэдэг бол бидний амьдралдаа туулсан том даваа юм.
Анх хэдэн төгрөгийн цалин авч байв?
Сургууль төгсөж ирээд ажилд орсны дараа 120 төгрөг аваад их баярлаж байлаа. Засварын заводад ажиллаж байхад сард 250 төгрөгийн цалин авдаг байв. Анх наймаа хийх гээд хүнээс 1000 доллар авч байхад маш их мөнгөтэй юм шиг санагдаж, яаж төлөх вэ гэсэн бага зэргийн айдас төрж байлаа.
Анх ямар машин худалдаж авч байв?
Сургууль төгсөж эхнэртэй болсны дараа өвөө маань 6500 төгрөгөөр хуучин “Москвич” машин авч өгч байсан юм.