Тендер зохион байгуулах ажил онлайн хэлбэрт шилжинэ
“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үр дүнд
2013.12.10

Тендер зохион байгуулах ажил онлайн хэлбэрт шилжинэ

Хотын иргэд, аж ахуй нэгжүүд нийслэлийн хэмжээнд 2014 онд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг интернэтээр тогтмол авдаг болжээ. Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газар ирэх оныг “Ил тод байдлыг хангах жил” болгон зарлаж, нийслэлд хамаатай хөрөнгө оруулалтын мэдээ мэдээлэллийг цаг алдалгүй хүргэж эхэлсэн байна.

15 дахь удаагийн "Шинэчилж шийдье-222" хэлэлцүүлэг шилэн тендер сэдвээр өрнөлөө

Ирэх жил “Шилэн тендер”  хэмээх бүртгэл мэдээллийн цогц систем нэвтэрснээр төсөл хөтөлбөр боловсруулах, төсөвлөх, тендер зохион байгуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэл хийх гээд бүхий л ажил онлайн хэлбэрт шилжиж, энэ талаарх мэдээллийг олон нийт тухай бүрт дэлгэрэнгүй авч болох юм.

2014 онд Улаанбаатар хотод зориулахаар НИТХ-аас баталсан 311 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн жагсаалтыг “Ардчилал”, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан”, “Улс төрийн тойм”, “Зууны мэдээ”, “Нийслэл таймс” сонинуудад болон ub-prosurement.mn, ikon.mn, new.mn, news.mn, time.mn, barilga.gov.mn, ugluuniisonin.mn, gogo.mn сайтуудад байршуулсан байна.