Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай энэ оны сүүлчийн цахим хурлаа хийлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай цахим хурал хийв
2013.12.06

Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай энэ оны сүүлчийн цахим хурлаа хийлээ

2013 оны ажлаа нэгтгэн дүгнэ, ирэх оны ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, дарга бүр өрөөндөө байрлуул, ирэх онд зарлах тендерүүдийн мэдээллийг  олон нийтэд ил тод мэдээл, төсвийн мөнгөний зарцуулалтаа шилэн дансанд шилжүүл гэсэн үүргийг Засгийн газрын тэргүүн орон нутгийн удирдлагуудад өглөө.

Жилийн ажлын тайландаа сургалт зөвлөгөөн хийсэн, өдөр тутмын хэвшмэл ажил гүйцэтгэснээ бичээд ирүүлчихэж байна. Энэ бол шинэ ажил биш.

Төрийн үйлчилгээг шуурхай, чанартай болгосон, хүнд суртал багасгасан, шинэ ажлын байр бий болгосон, барааны үнэ бууруулж, иргэдийн халаасанд мөнгийг нь үлдээсэн эсэхээр ажлыг чинь дүгнэнэ гэж цахим хурлын үеэр дахин санууллаа. Дээрх үзүүлэлтүүдэд нийцэх ажил, үйлчилгээг 2014 онд хамтран ажиллах гэрээндээ аймгийн Засаг дарга нар сайн тусгаарай гэлээ. Ирэх оны хамтын ажиллагааны гэрээг он гарангуут байгуулах юм.

Удирдах албан тушаалтнуудаа цахим хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулж, мэдээлэл, үүрэг чиглэлийг нэг дор авч байх нь зүйтэй. 2013 оны тухайд Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр аймгууд цахим хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон бол Хөвсгөл, Орхон аймгийнхан хойрго хандсаныг ЗГХЭГ-аас шүүмжиллээ.