Засгийн газрын хуралдаан
2013.12.09

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, 30 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТОВЧ МЭДЭЭ:

Өнгөрөгч 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва ажиглагчаар оролцоод ирсэн.

Гишүүн орнуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг голлон хэлэлцдэг энэ хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ "Худалдаа, хөрөнгө оруулалт болон транзит тээврийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой төслүүдэд оролцох сонирхолтой байна" гэж Монгол Улсын байр суурийг илэрхийлжээ. Хуралдааны үеэр мөн Узбекистан, Афганистан улсуудыын удирдлага, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев нартай уулзалт хийжээ. Хуралдааны мөрөөр Монголын талаас хэрэгжүүлэх ажлуудыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.

Мөн 2013 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Москва хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдааны дүнг хэлэлцээд, хоёр талын хооронд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц өглөө хэмээн сайшаалаа.  Уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллахыг Шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа.

Хуралдаанаар Гадаад харилцааны сайд Л.Болд Серби улсад айлчлах үеэрээ Белград хотноо энэоны 11 дүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан "Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Цаашид хоёр талын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд тус тусын нутаг дэвсгэрт 6 хүртэл сарын хугацаанд 90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчино хэмээн мэдээллээ.