Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар санал солилцлоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын нийгмийн шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн хатагтай Эунике Смит, ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Батдулам нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн асуудал болон энэ чиглэлээр Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хатагтай Эуниуке Смит хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Хятад, Япон, БНСУ, БНАСАУ, Монгол гэсэн таван орныг хариуцан ажилладаг байна.
Монгол Улсад 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор 107041 буюу нийт хүн амын 4,1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн статистик мэдээлэл гарчээ.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын нэгэн адил иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгэм, соёлын бүхий л эрхийг ямар нэг алагчлалгүйгээр эдлэх эрхтэй. Энэ үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал манай хууль тогтоомжид зохих хэмжээгээр тусгагдсан байдаг ч бие даасан хуультай болох шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нэг хэсэг орхигдсон тал байгаа ч одоо төр, засгаас энэ чиглэлд анхаарал хандуулсан үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ Байнгын хорооны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цаашдын хөгжлийн асуудалд анхааран ажиллаж байна. Цаашид хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчинг сайжруулах, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулан ажиллана гэдэгт найдаж байна гээд, энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх хэд хэдэн тодорхой саналуудыг танилцуулав.
Хатагтай Эунике Смит, сайхан санал, санаачилга гаргаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, ЮНЕСКО-гийн нийгэм, шинжлэх ухааны салбар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах тал дээр түлхүү анхаарал хандуулан ажиллана гэлээ. Хатагтай Эуниуке Смит хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Хятад, Япон, БНСУ, БНАСАУ, Монгол гэсэн таван орныг хариуцан ажилладаг байна.