УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2013.12.09

Ө.Энхтүвшин: Бид хувийн санаа бодол, хүсэл зоригоо нэг нэгэндээ тулгахаас өөр зүйл хийхгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар асуулт тавьж, Ерөнхий сайд болон бусад сайдууд хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Ерөнхий сайд илтгэл тавьж, гишүүд асуулт тавьдаг хэлэлцүүлгийн энэ хэлбэр бий болоод жил орчим боллоо. Гэсэн ч үр дүн гарахгүй байна. Үүний дараа ядаж ганц хоёр асуудлыг шийддэг болмоор байна. Орон нутгийн ИТХ-ын сонгууль одоо хүртэл баталгаажилгүй, асуудал улам задарлаа. Бид хувийн санаа бодол, хүсэл зоригоо нэг нэгэндээ тулгахаас өөр зүйл хийхгүй байна. Хүчирхэг, ухаалаг төр ард түмнийхээ сонголтыг хүндэтгэдэг баймаар.

Жишээ болгож, засаг даргагүй байгаа дөрвөн аймгийн тухай ярьж болно. Ерөнхий сайд болон түүний доор ажиллаж байгаа хүмүүс өөр өөр төсөөлөлтэй байна.  Энэ бол төрийн завхрал. Дорнодын засаг дарга шүүхээр буруу нь тогтоогдсондоо биш шүүхээр явж залхсандаа ажлаа өгсөн юм. Хөвсгөл аймгийн тухайд гэвэл гурав хоногийн өмнө ардчилсан намынхан хурлаа хийгээд процесс хуулийн дагуу болсон ч одоохондоо хараахан баталгаажаагүй байна. Дундговь аймгийн тухайд гэвэл Ерөнхий сайд хүчингүй хурлын шийдвэрийг хүлээж авсан юм. Гэтэл өчигдөр жинхэнэ хурал нь болоод өмнөх хурлын шийдвэрийг хүчингүй болголоо.

Энэ мэтээр асуудал хүндэрч, зохицуулахад хэцүү болж байна. Засгийн газар орон нутгийн удирдлагын эрх хэмжээнд ил далдаар оролцож болохгүй. Энэ асуудлыг яаж зохицуулах гэж байгааг би Ерөнхий сайдаас асуумаар байна.

Засгийн газар орон нутгийн удирдлагын эрх хэмжээнд ил далдаар оролцож болохгүй.

Ард түмэн цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, 21 000-ыг олгох хэрэггүй гэсэн гэж Ерөнхий сайд хэллээ. Бодит байдал дээр ийм зүйл байхгүй. Энэ асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулмаар байна.

Дөрвөн жилийн дараа гэхэд утаа арилахгүй бол надтай хариуцлага тооцоорой гэж Ерөнхий сайд мэдэгдлээ. Гэхдээ хариуцлага хүлээнэ гэдэгт би эргэлзэж байна. Утаатай тэмцэх талаар юу хийх гэж байгааг нь тодорхой мэдмээр байна.

Өнгөрсөн жилийн хугацаанд төрийн хичнээн чиг үүргийг ямар  ямар төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлсэн гэдэгт Ерөнхий сайдаас хариулт авъя.

Махны үнэ бууруулах 87 тэрбум төгрөгөөс болж их асуудал үүсч, ажил хариуцагчид болон мах бэлтгэгч компаниудын хооронд маргаан дэгдлээ. Тэдний ярьж байгаагаар 10 тэрбумаас бусад нь алга болчихжээ. Үлдсэн мөнгө нь хаана байна вэ? Үүнээс болж хавар болоход махны үнэ тэнгэрт гарах гээд байна.

ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал: Энэ жил махны 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийн 80 хувийг Монгол Банк, бусдыг нь оролцож байгаа арилжааны олон банк санхүүжүүлэхээр тогтсон юм. Санхүүжилт 70 орчим хувьтай бүрдлээ. Дархан, Эрдэнэтэд мах тус бүр 1000 тонн-оор бэлтгэгдлээ. Харин Улаанбаатар хотод махны нөөц 7382 тонн буюу 61 хувьтай бэлтгэгдлээ. Үүнээс 60 орчим хувьд сертификат олгож баталгаажууллаа. Мөнгөний хувьд банк болон нөөцлөгч компаниудад олгоод явж байгаа учир ажил хэвийн явагдаж байна. Өчигдөр хийсэн яамны шалгалт ч үүний гэрчилнэ.

Ерөнхий сайд Ж.Алтанхуяг: Миний зүгээс цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхгүй гэж хэлээгүй. 2014 оны төсвөөрөө засгийн газар нэмэх шийдвэр гаргаад 200 тэрбум төгрөгийг зориулахаар боллоо.

Говь-Алтай аймгийн хувьд бол Дээд Шүүхийн тодорхой шийдвэр гарсан билээ. Тэгээд ч энэ нь Засгийн газрын шийдээд байдаг асуудал биш.

Шинэчлэлийн засгийн газар үйл ажиллагаа олон түмэнд ил тод болгохын төлөө ажиллаж ирлээ. Алдаа байгааг үгүйсгэхгүй. Утаатай бид чадахаараа тэмцэж байна. Өөр хийх ажил их байна. Эрхийн хугацаа дуусахад амласан зүйлээ бид амжуулах болно. Өнгөрсөн 20 жилийн дотор бий болсон төр мөнгө иддэг гэсэн ойлголтыг эвдэх болно.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль” батлагдсантай холбоотой Хуульчдын Холбоо гэдгийг байгуулсан юм. Гадаадын орнуудад хийдэг хуулийн салбарын шинэтгэлийг монголд 3 жилийн дотор хийлээ. Хуульчдын холбоо байгуулагдсанаар төрийн ачаалал багасч давтан сургалт, мэргэшүүлэх, шалгалт, лизенц олголт, маргаан шийдвэр зэрэг их зардал шаардсан ажлууд мэргэжилтнүүдийн гарт очлоо. Иймэрхүү байдлаар тодорхой зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлж, төрийн чиг үүргийг гэрээлэн шилжүүлэх тухай хууль батална. Ингэснээр зардал багасч, төрийн хүнд суртал буурна.