Д.Оюунхорол: Баруун бүсэд хүн амын амьжиргаа доогуур байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар асуулт тавьж, Ерөнхий сайд болон бусад сайдууд хариулт өглөө.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Оюунхорол:
Баруун аймгуудад дэд бүтцийн хөгжил муу учраас ядуурал их байдаг. Ерөнхий сайдын зүгээс үнийн зохицуулалт хийж хүн амын амьжиргааг дээшлүүлэх ажил хийгдэхгүй байна. Баруун бүсийн нэмэгдлийг олгомоор байна.
Баруун бүсээс сонгогдсон гишүүд ардчилсан намын гишүүдтэй хамтарч энэ талаар хуулийн төсөл өргөн барина. Энэ бүсэд томилсон төрийн албан хаагчид ажлаа хийдэггүй, боловсон хүчний асуудал хурцаар тавигдаж байна. Тус асуудалд бүтээлчээр, өөр өнцгөөс харж ажиллахыг Ерөнхий сайдаас хүсье.
Хүмүүст мөнгө өгөхийг зогсоох ёсгүй. Учир нь баруун бүсэд хүн амын амьжиргаа доогуур байна. Ерөнхий сайдын “үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т зориулсан гурван их наяд төгрөг үр дүнгээ өгсөнгүй. Өмнө нь сар бүр олгож байсан 21 000 төгрөгийг эргэн олгох хэрэгтэй. Ажлын байргүй, орлогогүй, 40-өөс дээш насны хүмүүс 21 000 мянган төгрөгөөр өрхийн амьжиргаагаа залгуулж байсныг хэлэх хэрэгтэй.
Өмнө нь сар бүр олгож байсан 21 000 төгрөгийг эргэн олгох хэрэгтэй. Ажлын байргүй, орлогогүй, 40-өөс дээш насны хүмүүс 21 000 мянган төгрөгөөр өрхийн амьжиргаагаа залгуулж байсныг хэлэх хэрэгтэй.
Энэ мөнгийг боломжийн амьдралтай хүмүүст биш, харин нийгмийн зорилтод бүлэгт нь олгох тухай хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүд өргөн барьсан билээ. Бидний тооцоолсноор дунджаар 600 орчим мянган хүнд дээрх мөнгийг олгох хэрэгтэй. Үүнийг Монголын төрийн ажил олгож чадаагүй иргэдээ дэмжиж байгаа хэлбэр гэж бид үзэж байна. Бидний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлж өгөхийг Засгийн газрын тэргүүнээс хүсье.
Ахмадын байгууллагуудыг хоёр хувааж, зөвхөн Ахмадын Чөлөөт Холбоог санхүүжүүлдэг нь Засгийн газрын буруу бөгөөд хууль зөрчсөн ажил мөн. Ахмадын байгууллагыг хагалж бутаргаж байгаад хөдөөгийн ард иргэд дургүй байна.
Үүнээс гадна баруун аймгийн иргэдийн ОХУ-ын виз авах асуудал хүнд байна. Виз авах ажил хувийн ашиг хонжоо хайсан хүмүүсийн гараар дамжиж 1 жилийн виз 700 доллар, сарын виз 150 доллар, цагаан хуудас 4000 рублийн үнэтэй болдог. Засгийн газраас ажлын хэсэг гаргаж энэ асуудлыг шийдүүлмээр байна.
Хөдөө орон нутагт улс төржилт хавтгайрч, үүнээс болж Дорнод, Хөвсгөл, Говь-Алтай аймгууд засаг даргагүй болчихоод байна. Сонгуулийн үр дүнг зүй ёсоор хэрэгжүүлж, орон нутгийн удирдлагыг сайжруулахад анхаармаар байна.
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
Ард иргэдэд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж болохгүй гэдгийг дахин хэлье. Ядуурал бол аажмаар үүссэн нийгмийн амьдралын урхаг учраас тийм хурдан шийдэгдэх боломжгүй. Бүх хариуцлагыг нэгхэн жил ажиллаж байгаа Засгийн газарт үүрүүлмээргүй байна.
Нэмэгдлийн тухай хууль гаргах нь төрийн бодлого буруу тийшээ явж байгааг гэрчилнэ. Тиймээс өнгөрсөн 20-иод жилд баруун бүсэд хүн амын амьжиргаанд ямар ч ахиц гараагүй. Харин манай засгийн газар нэг жилийн дотор өөрчлөхийн тулд ажиллаж байна.
Тухайлбал, ирэх жилд Говь-Алтай, Завхан зэрэг алслагдсан аймгуудаа авто замаар нийслэлтэй холбочихно. Арваад жил холбогдоогүй байсан Замын-Үүдийг холболоо. Аймгуудыг авто замаар нийслэлтэй холбосноор тээврийн зардал багасна. Зам дагаж хөгжил ирдэг учраас ард иргэдийн амьжиргаа дээшилж таарна. Цаашид Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг холбох төлөвлөгөөтэй.
Ахмадын байгууллагуудыг ялгаж салгасан явдал байхгүй. Ахмадын байгууллагууд хоорондоо тохиролцоод Монголын чөлөөт ахмадын холбоогоор төлөөлүүлье гэсэн хүсэлтийн дагуу Засгийн газар энэ байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм. Харин МАН-аас сонгогдсон зарим гишүүд ялгаж салгах гэж оролддог. Төр олон жил ахмадын байгууллагаар тоглосон түүхтэй. Ахмадуудад улс төр биш, эрүүл мэнд ,сувилалын газар хэрэгтэй.
Бадамсүрэн гэдэг хүнийг Дорнод аймгийн Засаг даргаар томилохгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн жил Ерөнхий сайд гаргасан юм. Шүүхийн байгууллага томилохгүй нь зөв гэж дүгнэсэн юм. Хөвсгөл аймгийн тухайд ч гэсэн шүүх адилхан шийдвэр гаргасныг хэлэх хэрэгтэй.
ГХЯ-ны дэд сайд Д.Ганхуяг:
Хил орчмын иргэд болон дипломат паспорттай хүмүүс ОХУ-ын хилээр үнэгүй зорчих гэрээтэй. Оюунхорол гишүүний дэвшүүлсэн асуудлаар яаманд гомдол ирээгүй. Энэ талаар ажлын хэсэг гаргаж ажиллуулахыг дэмжиж байна.