Д.Ганзориг: Хүүхдийн илүүдэл жин халдварт бус өвчний шалтгаан болдог
Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Хоол тэжээл, хүнсний аюулгуй байдлын бодлогын хэрэгжилтийн зохииуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригтой хүүхдийн хоол тэжээлийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед хүнсний аюулгүй байдалд нэлээд анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр хүүхдийн хоол тэжээлийн өнөөгийн төвшин ямар байгаа талаар яриагаа эхэлье?
-Засгийн газраас таван жил тутамд үндэсний хэмжээнд хүн амын хоол тэжээлийн байдлын судалгаа хийж өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудал, шийдвэрлэхийн тулд ямар үйл ажиллагааг явуулах ёстой вэ гэдгийг тодорхойлон зохицуулж, чиглүүлдэг. Ер нь хүн амын хоол тэжээлийн байдлыг тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлаар төлөөлүүлдэг. Өөрөөр хэлбэл тухайн өрх, гэр бүл дэх хамгийн эмзэг бүлгийн хүнийг хооллож чадаж байгаа эсэхээр тухайн айл, баг, хороо, сум, аймгийн хүн амын хоол тэжээлийн байдлыг тодруулж байна гэсэн үг юм.
Тав хүртэлх насны хүүхдийн дунд өсөлтийн хоцролт, тураал, туранхай гэсэн хоол тэжээлийн үндсэн гурван үзүүлэлтээр үнэлгээг хийдэг. Өсөлтийн хоцролтоор буюу хоол тэжээлийн архаг дутлын үзүүлэлтээр хүүхдийн аминдэм(витамин) бичил бодисын далд дутал, асаргаа халамжийн байдлыг тодорхойлдог бол хоол тэжээлийн хурц дутал болох тураал, туранхайн үзүүлэлтээр хүүхэд өлсөж байгаа эсвэл илүү хооллож байгаа эсэхийг тодорхойлдог.
2000-2010 онд тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлын судалгааг явуулсан. Энэ судалгаагаар дээрх гурван үзүүлэлт буурах хандлага ажиглагдсан. Мөн хүүхдийн илүүдэл жин буюу таргалалт буурах хандлагатай байгаа. Тиймээс бид 2015 он гэхэд энэ бүх асуудлыг бууруулах зорилт тавьж ажиллаж байна.
-Гэхдээ сүүлийн үед илүүдэл жинтэй хүмүүс ихэсч байгаа юм биш үү? Энэ тал дээр анхаарал хандуулж байна уу?
2000-2010 онд тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлын судалгааг явуулсан.
-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Засгийн газрын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа нь хүүхдийн хоол тэжээлийн дутлын эмгэгийг бууруулах талруугаа илүү хандаж тодорхой амжилтад хүрсэн. Энэ хугацаанд хоол тэжээлийн архаг дутал 50 хувиар буурсан бол, хурц дутал 75-80 хувиар буурсан байна. Гэвч эсрэгээрээ хоол тэжээлийн илүүдэл нь хүн амын дунд асуудал болон нэмэгдэж эхэлсэн.
Тухайлбал, насанд хүрэгчдийн дунд жингийн илүүдэл ба таргалалт сүүлийн 10 жилд огцом хурдтай нэмэгдэж одоо талаас илүү хувь нь ийм эмгэгтэй байна. Хүүхдийн дунд илүүдэл жин ба таргалалт нь тогтмол 10 хувиас илүү байсаар байна. Гэтэл хүүхдийн илүүдэл жин нь цаашид халдварт бус өвчний суурь шалтгаан болдог.
Хүн амын дунд хоол тэжээлийн дутал, илүүдлийн аль нь ч хоёр хувиас хэтрэхгүй байж эрүүл хүн ам бий болно. Хоол тэжээлийн дутлын бууралт ийм эрчээ хадгалсаар байвал Монголын тав хүртэлх насны хүүхдийн дунд хоол тэжээлийн хурц дутал арилах юм. Өөрөөр хэлбэл монголд өлсгөлөн байхгүйг илтгэж байгаа юм.
Харин хоол тэжээлийн архаг дутал болон хоол тэжээлийн илүүдэл тодорхой төвшинд байна. Намхан тарган хүүхдүүд нийт хүүхдийн 10-15 хувьд нь байгаад байна гэсэн үг. Намхан байх нь оюуны чадавхийг бууралтад хүргэнэ, тарган байх нь халдварт бус архаг өвчлөлд хүргэнэ. Засгийн газраас энэ асуудлыг арилгахаар ажиллаж байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсийг Эрүүл мэндийн яамнаас багасгасан гэж мэдээлж байгаа. Энэ үнэн үү?
-2008 оны “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм хэмжээ”-нд суурилсан 1-6 насны хүүхдийн хоногт шаардлагатай илчлэг, шимт бодисын зөвлөмж хэмжээ нь Эрүүл мэндийн сайдын 207 дугаар тушаал “Тусгай хоолны дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаарддага, түүнийг тогтоох журам” энэ онд батлагдсан.
Энэ тушаал нь Хүнсний тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1 дэх “Монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хүнс, үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийн зохистой хэмжээг эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална” гэсэн заалттай тохирч байгаа юм.
Хүн амын хоол тэжээлийн байдлын судалгаа, хүнс, хоол тэжээлтэй холбоотой хийгдсэн бусад судалгааны дүнд тулгуурлан хүн амын хоол тэжээлийн зөвлөмж хэмжээг тохируулан өөрчилдөг. Энэ дагуу Эрүүл мэндийн яамны харьяанд ажилладаг судалгааны байгууллагаас “Монгол хүний хоол тэжээлийн бодисын физиологийн норм хэмжээ”-г 1981 оноос хойш 1992, 1997, 2008 онуудад тус, тус өөрчлөн шинэчилж байсан. Дунд орчим насны эрүүл монгол хүний стандарт хэрэгцээг тогтоож, үүндээ харьцуулан бусад насны бүлгийн хүн амын хэрэгцээг тохируулан тогтоодог. Хоногт авах илчлэгийн хэмжээг нас, хүйсээр нь тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл нийт илчлэгийн хэдэн хувийг мах, хэдэн хувийг ногоо, жимснээс авбал зохино гэх зэргээр тооцож гаргадаг юм.
Энэ дагуу жишсэн дундаж хүний илчлэгийн хэрэгцээ өндөр бол нийт хүн амын хэрэгцээ өндөр, буурвал мөн адил даган буурдаг. Улсын хэмжээнд хүнсний хангамж, хүртээмж сайжирч улмаар хүн амын хоол тэжээлийн байдал сайжирсан төдийгүй, хэрэглээний илүүдэл нь эмгэгт шилжих хандлагатай болж эхэлсэн учраас 1997 оны жишсэн дундаж хүний хэрэгцээт илчлэгийн хэмжээ 2800 килокалорийг 2008 онд 2500 килокалори болгон бууруулсан.
Энэ дагуу 1997 онд 1-3 насны хүүхдийн хоногт шаардагдах илчлэгийн хэмжээ 1569.2ккал байсан бол 2008 онд 1230ккал болж, 4-6 насны хүүхдийнх 1770- 1650ккал болж буурсан юм. Энэ насны хүүхдүүд цэцэрлэгт явдаг бол хэрэгцээт илчлэгийнхээ 75-80 хувийг цэцэрлэгийн хоол хүнснээсээ авч, үлдсэнийг гэрийн хоол хүнснээс авах ёстой юм. Эрүүл мэндийн салбараас боловсруулан баталсан энэхүү зөвлөмж хэмжээг боловсролын хуулийн дагуу эрүүл мэнд, боловсролын сайдын хамтарсан тушаалаар нэмж баталгаажуулан, улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаар мөрдүүлдэг.
2005 онд баталсан эрүүл мэнд, боловсролын сайдын хамтарсан 225/296 дугаар тушаал нь 1997 оны “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм хэмжээ”-нд суурилсан норматив хэмжээ юм. Үүнээс хойш 2008 онд ЭМЯ “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм хэмжээ”-ээр хүн аМын насны бүлэг, хүйсэнд тохируулсан хоногийн илчлэгийн хэрэгцээг шинэчлэн боловсруулан баталсан.
Үүний дагуу хоёр сайдын сайдын хамтарсан “1-18 насны хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-г шинэчилсэн тушаал гарч, хуучныг хүчингүй болгох ёстой ч Боловсролын хуулинд 2006 онд 42.3 дэх заалтад оруулсан нэмэлт өөрчлөлтийн улмаас саатсан байна. Ийм тушаал батлуулахын тулд дээрх хоёр сайдаас гадна Сангийн сайд хамтрах болсон.
Зарим телевизийн сэтгүүлчид өмнө нь энэ асуудлаар ярилцлага авч байсан.
Ийм учраас хэдийгээр норм нь шинэчлэгдэн өөрчлөгдсөн ч сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад мөрдөгдөж буй 225/296 дугаар тушаал нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа бөгөөд хүүхдүүд 1997 оны “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм хэмжээ”-нд суурилсан зөвлөмж хэмжээгээр хооллож байгаа гэсэн үг юм. Нэг сайдын тушаалаар хоёр сайдын хамтарсан 225/296 дугаар тушаалыг хүчингүйд тооцох боломж байхгүй. Цэцэрлэгийн удирдлагууд дээрх тушаалыг хүчингүй болгох хүртэл мөрдөж ажиллах болно.
-Тэгвэл цэцэрлэгийн хүүхдүүд хоол бага идэж байна, өлсгөлөн байна гэх мэдээлэл байгаа. Энэ нь таны өгсөн дээрх мэдээллээс зөрж байна?
-Үндэсний хэмжээнд асуудал ямар байгааг Үндэсний статистикийн хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тогтмол хийгддэг албан ёсны судалгааны дүнгүүд хэлж өгдөг. Хоол тэжээлийн байдлыг тогтоох судалгаа нь олон судалгааны бүтцэд ордог, дангаараа ч энэ чиглэлийн судалгаа хийгддэг. Монголд хүүхдийн хоол тэжээлийн дутлын асуудал буурч, илүүдэл ихэсч байгааг эдгээр олон судалгаа баталгаажуулж байгаа.
Зарим телевизийн сэтгүүлчид өмнө нь энэ асуудлаар ярилцлага авч байсан. Тодорхой мэдээлэл авч ярилцлагаараа баталгаажуулчихаад эфирээр цацахдаа хүүхдүүд хоол тэжээлийн дуталтай байна, хүүхдүүд өлсөж байна гээд байгааг ойлгохгүй л байна. Хоол тэжээлийн дутал гэж яг юуг хэлээд байгааг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд мэддэггүй учраас эрүүл мэндийн байгууллага дээр хийгддэг зарим ажлыг цэцэрлэгт шилжүүлэхээр БШУЯ-ны мэргэжилтэнтэй ярилцаж байгаа.
Тухайлбал, 2-5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлын үнэлгээг. Ингэснээр хүүхдээ өөрсдөө үнэлээд, хоол тэжээлийн дуталтайд нь илүү аяга хоол өгөх байдлаар зохицуулж болно.