Н.Удвал сайд доктор Намиш Мехта-г хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг эмчилсэн Энэтхэг эмч доктор Намиш Мехта-г хүлээн авч уулзлаа.
Тэрээр Энэтхэг Улсын элэг шилжүүлэн суулгах дөрвөн том эмнэлгийн нэг болох Сир Ганга Рам эмнэлгийн мэс заслын ерөнхий эмч юм байна.
Доктор Намиш Мехта “Манай эмнэлэгт сүүлийн жил гаруйн хугацаанд 20 орчим монгол хүн эмчлүүлсэн. Энэтхэг улс бол чанартай үйлчилгээг хямд үнээр хийдэг. Монголын эрүүл мэндийн салбартай элэг шилжүүлэх, эмчилгээний чиглэлд эмч нарыг сургах, дадлагажуулахад бүхий л талаар тусална” гэдгээ хэлээд, цаашид хамтран ажиллах боломжийн талаар Сайдаас асуулаа.
Эх орондоо боломжийн үнээр энэ төрлийн мэс засал, эмчилгээг хийж иргэдээ чирэгдүүлэхгүй байх бодлого барьж ажиллана.
Сайд юуны түрүүнд монголчуудын эрүүл мэндэд ихээхэн хувь нэмэр оруулж буй Сир Ганга Рам эмнэлгийн хамт олон болон доктор Намиш Мехтад талархал илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ “Шинэчлэлийн Засгийн газар эмчилгээ, үйлчилгээ авахаар хилийн дээс алхаж буй иргэдийнхээ тоог 30 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.
Мөн элэгний өвчлөл манай улсад өндөр хувьтай гарч байгааг анхаарч нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмж суурилуулан эмч нараа бэлтгэж байгаа. Эх орондоо боломжийн үнээр энэ төрлийн мэс засал, эмчилгээг хийж иргэдээ чирэгдүүлэхгүй байх бодлого барьж ажиллана. Тиймээс бид танай эмнэлэгтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно” хэмээв.
Сэтгүүлч Б.Эрдэнэцогт “Миний бие 6 дугаар сард хүндээр өвдсөн. Тухайн үед алтан гартай эмч нарынхаа ачаар урьдчилсан эмчилгээг сайн хийлгэж, гадагшаа явах хүртлээ хийлгэсэн эмчилгээ маань үр дүндтэй болж 9 дүгээр сарын 20-ны өдөр Энэтхэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон. Хагалгаа 17 цаг үргэлжилсэн. Одоогоор бие маань өмнөх шигээ хэвийн байна. Намайг эдгэхэд гүн туслалцаа үзүүлсэн хэвлэл мэдээллийн салбарын найз нөхөд, утга зохиолын салбарын хамт олон болоод ойр дотны бүх хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлье” гэв.