Энэтхэг улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь гадаад бодлогын чухал алхам болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сатбир Сингхийг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Элчин сайд Сатбир Сингх 2010 оны тавдугаар сараас Монгол Улсад томилогдон ирж ажилласан бөгөөд өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд хоёр талын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлэн талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Энэтхэг хоёр орны хооронд тогтоосон Иж бүрэн түншлэлийн харилцаа нь ард иргэдийн эрх ашиг, олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Сатбир Сингхийг Монгол Улсад ажилласан хугацаанд олон чухал айлчлал хэрэгжсэн бөгөөд 2011 онд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил Монголд албан ёсны айлчлал хийсэн бол 2013 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Энэтхэг улсад айлчилсан юм.
Элчин сайд Сатбир Сингх Энэтхэгийн тэргүүний технологийг Монголд нэвтрүүлэх, томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах чиглэлээр холбогдох ажлуудыг хийсэн талаараа дурдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэг улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь цаашид ч Монгол Улсын гадаад бодлогын чухал хэсэг байх болно гэдгийг тэмдэглээд Элчин сайдад эрүүл энх, цаашдын ажилд нь амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.