Р.Бурмаа Олон улсын хүрээлэнгийн зөвлөлийн гишүүн болов
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан арваннэгдүгээр сарын 27- 29-нд Чилийн нийслэл Сантьяго хотод болсон Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийн 22 дугаар хуралдаанд оролцов.
Хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын тайлан, Зөвлөхүүдийн зөвлөлийн тайлан, Хүрээлэнгийн дунд хугацааны стратегийн зорилт, 2014 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг хэлэлцэн сайшаав. Чилийг дарга орны үүргээ амжилттай гүйцэтгэсэнд гишүүн орнууд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
Зарим сонгуульт ажлын томилгоо хийв. Тухайлбал, шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох Ажлын хэсгийг 11 орны бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. Манай улс дээрх Ажлын хэсэгт орж ажиллах бөгөөд энэ удаагийн Зөвлөлийн хуралдаанаар АСТОУХ-ийн Удирдах зөвлөлийн долоон орны нэгээр сонгогдож, УИХ-ын гишүүн Р.Бурмаа Хүрээлэнгийн Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүнээр томилогдов.
Төрийн нарийн бичгийн дарга арваннэгдүгээр сарын 29-нд АСТОУХ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын Үүрэг гүйцэтгэгч хатагтай Жоан Саветай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хүрээлэнгийн удирдлага Монгол Улс тус байгууллагатай ойр хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.
Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотноо болсон АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Сонгуулийн ажиглагчдын төв байгуулах санаачлага чухал болохыг онцлов.
Хүрээлэнгийн зөвлөлийн хурлын үеэр хүлээн авагч улс Ардчиллын форум зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа чилийн тал Залуучуудын улс төр, сонгууль дахь оролцоо сэдвээр Форумыг хийв. Чилийн Гадаад хэргийн сайд Альфредо Морена Форумыг нээж хэлэхдээ, дэлхийн улс орнуудад ардчилсан журмаар сонгогдох нь хангалттай бус ардчилсан байдлаар удирдах асуудал чухал болоод байна. Энэ үйл явцад залуучуудыг татан оролцуулах нь нэн тэргүүний зорилт байх ёстой гэж тэмдэглэв.
2014 онд Боствана Улс Хүрээлэнгийн даргаар сонгогдсон бөгөөд уламжлал ёсоор Зөвлөлийн жилийн хуралдааныг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулна.
Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн нь 1995 онд байгуулагдсан, одоо 29 гишүүнтэй ардчиллыг төлөвлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм.
Хүрээлэн үйл ажиллагаагаа сонгуулийн тогтолцоо, үндсэн хуулийг боловсронгуй болгох, улс төрийн намуудыг төлөвшүүлэх, ардчилал дахь жендерийн үүрэг, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ардчилал ба хөгжлийн уялдааг хангах, ардчиллын институцүүдийг бэхжүүлэх зэрэг асуудалд чиглүүлж ажилладаг. Манай улс 2010 онд Хүрээлэнгийн гишүүн орон болсон юм.