Элчин сайд М.Карагөз Шадар сайдтай уулзлаа
Шадар сайд Д.Тэрбишдагва, Элчин сайд Мурат Карагөз
2013.12.06

Элчин сайд М.Карагөз Шадар сайдтай уулзлаа

Бүгд найрамдах Турк  улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён М.Карагөз Элчин сайдаар томилогдсоноос хойшхи  гуравхан долоо хоногийн хугацаанд өөрийн улсдаа амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрж, уулзсан монгол хүн бүрээс халуун дотно найрсаг харилцааг мэдэрснээ онцлоод, цаг гарган хүлээн авсанд талархаж байгаагаа  илэрхийллээ.

Шадар сайд элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд хоёр улс нь эртний түүх соёлын уламжлал дээр тулгуурласан хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн жилүүдэд харилцаа бүх салбарт идэвхитэй хөгжиж байгаа ч цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гэлээ.

Тэрээр Шинэчлэлийн Засгийн газар энэ дөрвөн жилд их бүтээн байгуулалтыг  хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд, Турк улстай барилга, хот байгуулалт, зам гүүр барих, арьс шир боловсруулах технологийг  нутагшуулах  чиглэлээр хамтын ажиллагааг өрөгжүүлэх сонирхолтой байгаагаа энэ үеэр дуулгалаа.

Мөн өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын онцлогийг товчхон танилцуулаад, 1999 онд Турк улсад томоохон хэмжээний газар хөдлөлт, байгалийн гамшиг тохиолдсныг даван туулж чадсан арвин туршлагатай орон учраас цаашид онцгой байдлын салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ уламжилсан юм. 

Уулзалтын төгсгөлд Элчин сайд М.Карагөз Шадар сайдыг ирэх оны эхний улиралд багтаан Турк улсад айлчлахыг уриад,  2014 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  45 жилийн ой тохионо. Тийм учраас хийхээр төлөвлөсөн олон ажлууд бидний өмнө байна гэв.