Ерөнхийлөгч энэ сарын 28-нд зохиогдсон Монгол, Хонконгийн бизнес уулзалтад оролцлоо
2013.11.29

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Хонконгийн бизнес уулзалтад оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч Хонконгийн олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд энэ сарын 28-нд зохиогдсон Монгол, Хонконгийн бизнес уулзалтад оролцлоо.

Уулзалтыг Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газар, Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөлтэй хамтран зохион байгуулжээ.

Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөлийн дарга Жак Со мэндчилгээ дэвшүүлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын талаар дурдлаа.

Хууль эрх зүй, шүүхийн тогтолцоо, сайн засаглал тэргүүтэй нийгэм эдийн засгийн бүхий л салбарыг шинэчлэн хөгжүүлж буйг дагаад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдсэнийг онцоллоо. Энэхүү боломжийг ашиглан Монголд ирж, бизнесийн харилцаагаа өргөжүүлэхийг Хонконгийн болоод бусад улс орны бизнес эрхлэгчдэд уриалав. Мөн Ерөнхийлөгч өөрийг нь дагалдан яваа бизнесийн төлөөлөгчдийг гадаадын шинэ түншүүдтэй хэлхээ холбоо тогтоож, хамтран ажиллахыг уриаллаа.

Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөл нь 1966 онд байгуулагдаж дэлхийд 40 гаруй төлөөлөгчийн газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бизнесийн уулзалтын төгсгөлд Монгол, Хонконгийн худалдаа эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтыг идэвхижүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны хоёр санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцов.

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг, Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөлийн орлогч захирал Бенжамин Чаунар нар Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав. Мөн саяхан шинээр үүсгэн байгуулагдсан Монголын хөрөнгө оруулалтын агентлагийн дарга С.Жавхланбаатар, Хонконгийн хөрөнгө оруулалтын “Инвест Хонконг” агентлагийн дарга Саймон Галпин нар Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөл нь (Hong Kong Trade Development Council) дотоодын болоод гадаадын жижиг дунд үйлдвэрлэгчдийн худалдааг дэмжих, үзэсгэлэн худалдаа, дугуй ширээний уулзалт зэрэг арга хэмжээг зохион байгуулах замаар хооронд нь холбож, түншийн харилцаа үүсгэхэд нь тусалж дэмжлэг байгууллага юм. Уг зөвлөл 1966 онд байгуулагдаж дэлхийд 40 гаруй төлөөлөгчийн газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус байгууллага нь Хонконгийн Үзэсгэлэнгийн танхимыг (Hong Kong Convention and Exhibition Center) эзэмшдэг бөгөөд жилдээ олон улсын хэмжээний 30 гаруй үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Зарим үзэсгэлэн худалдааны цар хүрээ нь Ази тивдээ болон дэлхийд тэргүүлдэг. Мөн дэлхийн томоохон дуудлага худалдааг энд зохион байгуулдаг. Тухайлбал дарс болон үнэт эдлэлийн дуудлага худалдаа зэрэг дэлхийн хэмжээний арга хэмжээнүүд энд болдог.

 “Инвест Хонконг” нь дотоодын хөрөнгө оруулалтын орчинг дэлхийд сурталчлан таниулж, хөрөнгө оруулагчдыг татах зорилготой Засгийн газрын агентлаг юм. Уг агентлагийг 2000 онд байгуулсан бөгөөд гадаадын олон мянган компанийн төлөөллийг Хонконгт оруулж иржээ.