Баянмонгол бодит байдал
“Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд өнгөрсөн 2 дугаар сард парламент нэмэлт, өөрчлөлт оруулснаар манай иргэн бүр “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаний 1072 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болов. Хэдийгээр дэлхийд гайхуулсан, стратегийн ач холбогдолтой Таван толгойн коксжих нүүрсний ордод түшиглэн үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс тавантолгой” компаний нэгж хувьцааны үнэ зах зээлийн зарчмаар хараахан тогтоогүй байгаа ч монгол хүн бүхэн анх удаа стратегийн том ордын эзэмшилд бодитой оролцоотой болж байгаа нь тэмдэглүүштэй үйл явдал эргэлзээгүй мөн.
Ийм шийдвэрт хүрэхийн тулд, ийм ойлголцол бий болгож, харилцан хүлээн зөвшөөрсөн шийдэлд очихын тулд Улсын Их Хурал дахь Ардчилсан нам болон Монгол ардын намын бүлэг өөр хоорондоо чамгүй мэтгэлцсэн. АН иргэддээ хувьцаа эзэмшүүлэхийн төлөө, МАН сонгуулиар амласан 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэхийн төлөөх өрсөлдөөнөөс ийнхүү иргэн бүр Тавантолгойн 1072 хувьцаа хожлоо.
Байгалийн баялгийн үр шимээс үүнээс ч ихийг хүн бүр хүртэх боломжтой юу?
Тиймээ, бүрэн боломжтой. Тодотгоё.
Юуны өмнө иргэддээ эзэмшүүлж байгаа 1072 хувьцаа бол ганцхан стратегийн ордын нэгээхэн хэсэг дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нэг л компаний хувьцаа юм шүү дээ. Тодруулбал Тавантолгойн зүүн Цанхийн хэсэгт нүүрс олборлож эхэлсэн “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа билээ. Цаана нь Таван толгойн ордын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг стратегийн хөрөнгө оруулагчдыг урин залж байгаа баруун Цанхи, үйл ажиллагаа нь жигдэрсэн Ухаахудаг, орон нутгийн “Тавантолгой” ХК, “Дайцуки” ХХК-ийн эзэмшиж байгаа хэсгүүд, Бор толгой гээд нүүрсний нөөц баялаг ихтэй талбайнууд бий. Тэдгээр нь цогцоороо том Таван толгой болдог. Тиймээс иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцааны бодит үнэ цэнийг тодорхойлохын тулд дээрх компаниудын эзэмшлийн талбайнуудын нүүрсний нөөцийг нэгтгэж тооцох учиртай юм. Чухам ингэж тооцож “Эрдэнэс тавантолгой”-н IPO-г Таван толгойн ордын нийт нөөцөд тулгуурлан зах зээл дээр гаргаж чадвал 1072 хувьцаа маань жинхэнэ чулуу, үнэ цэнэтэй баялаг болж чадна.
Хэдий тийм боловч олон иргэд маань хувьцаагаа худалдаад сая төгрөг бэлнээр авах сонирхолтой байх шиг байна. Хувьцаа нь үнэхээр үнэт цаас мөн гэдэгт итгэхийг хүсч байгаа олон хүний хүлээлтийг сайн ойлгож байна.
Тиймээс сая төгрөгөө шууд ав гэж хэлэх байна. Эхний энэ саяыг урьдчилгаа гэж ойлгож болно. Яагаад гэвэл цаана нь өч төчнөөн орд байгаа, тэдгээрийн баялаг “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаанаас ч олон дахин илүү үнэ цэнэтэй хувьцаа болж иргэдийн гарт очих бололцоо бүрэн бий.
Монголын баялаг олон улсын хөрөнгийн зах зээл дээр бидний төсөөлснөөс ч илүү үнэд хүрэх нь тодорхой. Үүнийг “Энержи Ресурс” ХХК Монголын уул уурхайн корпораци (Mongolian Mining Corporation) нэрээр Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж эхний ээлжинд 670 сая ам.доллар босгосон жишээ бэлээхэн баталж байна. “Энержи Ресурс” нь Таван толгойн ордын нийт талбайн 4 хувийг эзэмшдэг гэж энэ компанийхан өөрсдөө хэлдэг. Ухаахудаг гэж нэрлэгддэг Тавантолгойн бүхэл ордын 4-хөн хувь нь олон улсын бирж дээр 670 сая долларын хөрөнгө босгож чадаж байна. Нийт хувьцааныхаа 22,3 хувийг л хөрөнгийн зах зээлд гаргасан гэх Монголын уул уурхайн корпорацийн үнэ цэнэ өнөөгийн байдлаар 3 тэрбум ам. долларт хүрчээ. Монголын уул уурхайн корпорац (MMC)-ийн үнэлгээ 3 тэрбум ам.долларыг Монголынхоо 2,8 сая хүндээ хуваавал нэг иргэнд 1,4 сая төгрөгийн хөрөнгө ногдож байна.
Тэгэхлээр том Таван толгой бүхэлдээ ямар их үнэ цэнэд хүрэх нь тодорхой. Олон улсын нэр хүндтэй шинжээчдийн тооцсоноор яг одоо Таван толгойн нүүрсний орд 38 тэрбум ам. доллар, Оюу толгойн зэс, алтны орд 32 тэрбум ам.доллараар үнэлэгдээд байна.
Миний бие 2008 онд Монголын ард түмний эзэмшил бүхий Баян монгол корпорац байгуулах тухай санаа дэвшүүлж үзэл баримтлалаа олон нийтэд танилцуулж байхдаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 15 ордын нийт нөөцийг 186 тэрбум ам.доллараар тооцож байсан. Тэгвэл 2012 онд зөвхөн дээрх хоёр толгойн зах зээлийн үнэлгээ 70 тэрбум ам. долларт хүрчихээд байна.
Цаана нь УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан Нарийн сухайт, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний, Мардай, Дорнод, Гурван булагийн ураны, Эрдэнэт, Цагаан суваргын зэс, молибдений, Бүрэнхааны фосфоритын, Бороогийн алтны, Төмөртэйн овооны цайр, хар тугалгын, Асгатын мөнгөний ордууд энэ тооцооны гадуур үлдэж байна.
Үүний зэрэгцээ УИХ-ын 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан стратегийн ач холбогдолтой ордод хамаатуулж ч болохоор 39 орд нөөцөд бий. Тэдгээрийн дотор Дорнодын Улааны цайр, хар тугалгын орд, Төв аймгийн Төгрөг нуурын нүүрсний, Хэнтийн Баргилтын төмрийн хүдрийн орд зэрэг нөөц сайтай ордуудын зах зээлийн үнэлгээг нэмж тооцох ёстой болно.
Өнгөрсөн 4 жилд Өмнөговийн Овоот толгойн ордоос жилд 1-5 сая тн нүүрс олборлох, Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг түшиглэн жилд 700 мянган тн төмрийн баяжмал үйлдвэрлэх, Ховдын Хөшөөтийн нүүрсний ордоос жилд 8 сая тн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайнууд нээгджээ. Улсын хэмжээнд нийтдээ 59 уурхай, уулын үйлдвэр шинээр байгуулагдсан статистик байна. Эдгээрийн нөөцийн зах зээлийн үнэлгээг нарийвчлан тогтоовол үлэмж их баялаг нэмэгдэн тооцогдоно. Нэг үгээр хэлбэл яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ гэж өөрийн эрхгүй дуу алдмаар асар их баялгийг монголчууд бидэнд бурхнаас заяасан нь хөдөлбөргүй үнэн байна.
Баялаг заяах нэг хэрэг, баялгаас нийтээрээ хувь хүртэх үү, эсвэл байгалийн баялгийн хараал хүрэх үү гэдэг өөр хэрэг. Чухамдаа байгалийн баялгийн шударга хуваарилалт бий болгохын тулд миний бие Ардчилсан намын нэр бүхий гишүүдийн (Б.Батбаяр, Я.Батсуурь, Д.Ганхуяг, Д.Зоригт, Д.Одхүү) хамт Эрдэнийн хувийн (Баянмонгол корпораци) тухай хуулийн төсөл санаачлан УИХ-аар хэлэлцүүлсэн билээ. Хууль санаачлагчдын санал болгосноор Баянмонгол корпорац нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, эзэмшдэг баялагтаа тулгуурлан олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргаж, тодорхой хувийг нь ард иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлдэг, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж, тэдний хяналтад үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний хэмжээний компаний зарчмаар байгуулагдах учиртай байлаа. Харамсалтай нь Ардчилсан намын гишүүдийн энэхүү төслийг МАН-ынхан байгаа байдлаар нь дэмжээгүй. Тэдний зүгээс Эх орны хишиг сангийн тухай хуулийн төслийг батлуулахаар зүтгүүлсэн юм. Эцэст нь парламент дахь хоёр намын бүлэг зөвшилцөлд хүрч Хүний хөгжил сангийн тухай Монгол Улсын хуулийг баталсан билээ.
Өнөөдрийг хүртэл иргэддээ олгосоор ирсэн хишиг хувь буюу сар бүрийн 21 мянган төгрөг энэ хууль гарсны ачаар өгөгддөг болсон. 21 мянгыг нийтээр нь хавтгайруулсан халамж гэж зарим хүн шүүмжилдэгтэй санал нийлэхгүй. Саяхан Үндэсний статистикийн хорооноос ядуурлын түвшин 10 хувиар буурсан гэж зарлалаа. Албан ёсны энэ статистикт итгэвэл бага гэж чамладаг 21 мянган төгрөг бас ч гэж хүмүүсийн амьжиргаанд нөлөөлсөн юм болов уу гэж харж байна. 21 мянгын хэмжээ нь төдийлөн чухал биш, гол нь байгалийн баялгийнхаа үр шимээс бүрдсэн үндэсний сангийн хуримтлалаас ард иргэддээ ижил тэнцүү шударгаар хуваарилж байгаа монгол төрийн шинэ бодлогын эхлэл болж байгаагаараа онцгой ач холбогдолтой.
Хүний хөгжил сангийн тухай хуулинд үнэн хэрэгтээ Баянмонгол корпорац байгуулахыг хуульчилсан тусгай зүйл бий. Уг хуулийн 8 дугаар зүйлд:
8.2 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг төрийн өмчит хуулийн этгээд хэрэгжүүлнэ.
8.3 Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар батална.
8.4 Энэ хуулийн 15.1-т заасан иргэн компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд хувьцааны ногдол ашиг буюу хишиг, хувь хүртэнэ гэж тусгагдсан.
Өөрөөр хэлбэл стратегийн ордуудыг ашиглаж байгаа компаниудын төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж цоо шинэ зарчмаар ажилладаг үндэсний хэмжээний компани байгуулахаар хуульчилсан юм. Энэ нь Баянмонгол корпорац байгуулагдах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Харин Засгийн газар ийм компани шинээр байгуулахыг хүсээгүй. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан “Эрдэнэс Монгол” (Эрдэнэс МГЛ) ХХК-г үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Нөгөөтэйгүүр Монголын уул уурхайн корпорац (MMC)-ийг Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийхэд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлсэн билээ.
Одоогоор “Эрдэнэс МГЛ”-ийн мэдэлд Таван толгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн ордын лиценз албан ёсоор шилжжээ. Түүнчлэн “Эрдэнэс МГЛ” Таван толгойн ордод түшиглэсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, Оюу толгойн төрийн мэдлийн 34 хувьд түшиглэсэн “Эрдэнэс Оюу толгой”(Эрдэнэс ОТ) гэх охин компаниуд байгуулжээ. Тэдгээрээс “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг Монгол Улс иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх болсныг өгүүллийн эхэнд дурдсан. Дахин сануулахад энэ бол нэг л охин компаний хувьцаа юм шүү. Миний бодлоор бол толгой компани буюу манай тохиолдолд “Эрдэнэс МГЛ”-ийг хувьцаат компани болгож хувьцааг нь ард иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх учиртай. Хэдийгээр стратегийн бүх ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл “Эрдэнэс МГЛ”-д шилжээгүй байгаа ч одоохондоо уул уурхайн баялаг дээр хөрөнгө босгож чадахуйц үндэсний шинжтэй компани зөвхөн “Эрдэнэс МГЛ” л байна.
Юу гэж нэрлэх нь хамаагүй, Баянмонгол гэнэ үү, Эрдэнэс Монгол гэнэ үү, нийт стратегийн ордын нөөцөд дулдуйдан олон улсын хөрөнгийн зах зээлд гарах үндэсний хэмжээний компанийг шинээр зохион байгуулах зайлшгүй шаардлага хэвээр байна. Үндэсний ийм компаний удирдлага нь Засгийн газраас хамааралтай бус, хувьцаа эзэмшигч ард иргэдийн төлөөллөөс бүрдэх нь хамгийн оновчтой. Үндэсний хэмжээний ийм компани байгуулахыг л би зорьсон, одоо ч энэ үзэл санаандаа үнэнч байна. Санаагаа гүйцэлдүүлэхийн тулд Баянмонгол хувьцаат компаний тухай хуулийн шинэ төсөл боловсрууллаа. Шинэ төсөл эхнийхээсээ ч дэвшилттэй болсон, иргэдийн маань нийтлэг эрх ашигт илүү нийцсэн гэдэгт итгэлтэй байна. Бодит үнэнийг шулуухан хэлбэл өнгөрсөн хугацаанд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хангалттай ахиц гараагүй. Оюутолгойг эс тооцвол тэр шүү дээ. Төмөртэйн төмрийн хүдрийн, Асгатын мөнгөний, Цагаан суваргын зэс, молибдений орд ашиглагдаж эхлээгүй л байна. Ураны ордууд эзэмшлийн хувьд бүгд маргаантай хэвээр.
Газрын ховор элементийн баялаг нөөц тогтоогдсон боловч тэдгээр ордыг стратегийн ордуудын жагсаалтад хамруулах талаар Засгийн газар бодлогоо гаргаж УИХ-д санал болгосонгүй. Стратегийн ордуудын шинэ жагсаалт гаргах талаар ч санаачлага гарсангүй. Ямар сайндаа л УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамруулах эсэх саналаа илэрхийлэхийг Засгийн газраас бичгээр хүсч байхав.
Хамгийн чухал баримт бичиг болох Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогоо шинэчилж чадаагүй л байна. Лиценз олголтыг зогсоосон боловч Ашигт малтмалын хуулийг боловсронгүй болгосонгүй. Урт нэртэй хууль өлгийдөө өтөллөө. Хэрэгжилт алга. Монголын маань нүүр царай болсон уул уурхайн тэргүүлэх компаниа яг зарчмаар нь байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэнгүй. Хэрэв эдгээр тулгамдсан ажлыг цаг алдалгүй хариуцлагатай хийвэл Баян Монгол бодит байдал болох энүүхэнд байна. Бидний эх орон зүйрлэшгүй баян юм. Нэг хэсэг алт олборлож байсан хэд нь овоохон хөрөнгөжсөн. Одоо бол нүүрс моодонд орлоо. Нүүрс зөөж гаргасан зарим монгол хүн эхнээсээ долларын тэрбумтан болцгоожээ. Нөгөө талд нь байгалийн баялгийн шударга хуваарилалтыг хүсэмжилж хувьцаагаа хүлээсэн ард иргэд баялгийнхаа эзэн байх Үндсэн хуулийн эрхээ эдлэхээр нэхэл хатуу шаардлага тавьсан хэвээр байна. Өнөөдөр дэлхийн нийт хөрөнгийн 40 хувийг үндэстэн дамнасан 147 корпорац эзэмшиж байна. Дэлхийн нийт баялгийн 95 хувь нь дэлхийн хүн амын 5-хан хувьд төвлөрчээ.
Манайд ч иймэрхүү харьцаа байгаа нь ойлгомжтой. Тиймээс бидний ойрын үед хийх ёстой зүйл бол шударга ёсны хувьсгал. Монголчууд бидэнд нийгмийн хувьсгал тулгамдаагүй. Харин баян ядуугийн ялгааг арилгаж нийтээрээ чинээлэг дундаж амьдралтай болох хувьсгал хэрэгтэй. Энэ хувьсгал Баянмонгол компаниар, түүний хувьцаагаар дамжин хэрэгжих болно.
УИХ-ын гишүүн Лувсанвандангийн Болд