Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.11.15

“Гудамж” төсөл болон улсын чанартай автозамын талаар мэдээлэл хийлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд “Гудамж” төсөл болон улсын чанартай автозамын талаар мэдээлэл хийлээ.

2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийгдсэн. Улсын хэмжээгээр 3000 км хатуу хучилттай автозамтай байсан бол энэ онд 1800 гаруй км-ыг ашиглалтад оруулснаар нийт замын урт 5000 км-т дөхөж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Энэ онд Баянхонгор, Дундговь, Дорноговийн зам Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо. Ирэх долоо хоногт Замын-Үдийн замыг ашиглалтад оруулна, ингэснээр Орос, Монгол, Хятадыг холбосон хатуу хучилттай замтай болж байна.

Ирэх жилээс авсан ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай бүрэн дуусгадаг компаниудыг сонгон шалгаруулна, мөн нэг компанид замын ажлыг тэр чигээр нь өгөхгүй, нэг төсөлд олон компани ажиллуулна гэж Ерөнхий сайд хэллээ.

1824 км замын ажилд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламж, уул уурхайн компаниудын санхүүжилтээр нийт 629 тэрбум төгрөг зарцуулсан байна.  

“Гудамж” төслийн “Хурдны зам” дэд төслийн хүрээнд Туул болон Сэлбэ голын дагуу хурдны зам байгуулна.

“Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 16 уулзвар ашиглалтад орсон. Ойрын хугацаанд хоёр уулзвар ашиглалтад оруулна. Үлдсэн 15 уулзвар нь ирэх оны  ажил болно. Энэ онд хийгдсэн 16 уулзварын ажилд 58 аж ахуйн нэгж байгууллагын 5100 гаруй хүн ажиллалаа.

“Гудамж” төслийн “Хурдны зам” дэд төслийн хүрээнд Туул болон Сэлбэ голын дагуу хурдны зам байгуулна. ТЭЗҮ хийгдэж байгаа гээд шинэчлэл хийгдсэн зарим уулзварын эдийн засгийн үр өгөөжийн талаар тайлбар хийлээ.

Тухайлбал, Өргөө кинотеатрын урд талын уулзварыг шинэчлэхэд 1,6 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ уулзвараар жилд давхардсан тоогоор 33,3 сая машин нэвтэрнэ. Нэг машин уг уулзвараар дамжин өнгөрөхөд дунджаар 10,2 секунд, жилд 2 цаг 20 гаруй минут хэмнэнэ.

Уулзвараар нэвтэрч буй машинууд жилд ийм хугацааг хэмнэхээс гадна нийт 1023 литр шатахуунаас 1,6 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм. Энэчлэн уулзвар нэг бүрээр тайлбар хийлээ.