Д.Ганболд: Шинэ тоног төхөөрөмж хийх суурь ажил гангаас эхэлнэ
Монголын хүнд аж үйлдвэрийн салбар, одоогийн нөхцөл байдал ямар байна вэ. Цаашид төлөвлөсөн үйл ажиллагаа юу бол?
-Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн нөхцөл байдал түүхий эд ашиглахаасаа илүү материалын үйлдвэрлэл рүү шилжихийг эрхэмлэж байгаа маань дэвшил.
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уул уурхайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, өртөг шингээсэн бүтээгдэхүүн хийх зорилт тавьсан. Энэ бол дээр хэлсэн материал үйлдвэрлэл юм. Түүний хүрээнд олон арга хэмжээ авах ёстой. Мэдээж, хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд эрх зүйн орчноо тогтвортой тааламжтай болгох, татварын орчныг хөнгөлөлттэй болгох хэрэгтгэй. Эдгээр ажил захаасаа эхлээд явж байгаа.
Дараачийн шатанд бид хүнд үйлдвэрийн хөгжлийг олон төрлийн чиглэлээр авч үзэж байгаа юм. Юуны түрүүнд, хүнд аж үйлдвэрлэл өөрөө маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Тиймээс аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд хөрөнгө оруулалтаа шийдэх нь эдийн засгийн хувьд илүү хялбар гэж үзсэн. Маш олон хөрөнгө оруулагч төвлөрсөн байдлаар хүнд аж үйлдвэрээ барьж байгуулна гэсэн үг. Ингэснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна.
Ялангуяа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг үүнд дурдах ёстой. Дэлхий дахинд үйл ажиллагаагаар танигдаж, ажлаа мэддэг, хийж чаддаг компаниуд орж ирээд гэрээгээ хийх гэж байна. Яагаад гэвэл, бидэнд одоохондоо олон тэрбум ам.долларын төсөв, бүтээн байгуулалт хийсэн түүх байхгүй учраас туршлагатай, нэр хүндтэй, чадвартай нэгэнтэй хамтарч ажиллаж байгаа гэсэн үг. Энэ маань ч эргээд олон улсад, хөрөнгө оруулагчдад итгэл найдвар төрүүлэх боломж.
-Хүнд үйлдвэрлэлийн бодлого өөрчлөгдөх нь эдийн засагт ямар чухал ач холбогдолтой вэ. Мөн энэ салбарт тулгарсан хүндрэл юу байгаа бол?
Үйлдвэрлэлийн нөхцөл байдал түүхий эд ашиглахаасаа илүү материалын үйлдвэрлэл рүү шилжихийг эрхэмлэж байгаа
-Материалын үйлдвэрлэл рүү орно гэдэг эдийн засгийн бүтцийг тодорхой хэмжээгээр өөрчилнө. Зэс бол материал, ган төмөр ч гэсэн ялгаагүй шүү дээ. Тэгэхээр аль ч улс оронд ийм материал ашигладаггүй салбар гэж бараг үгүй. Ялангуяа, ган төмрийн хэрэгцээ маш их. Тэгэхээр шинэ тоног төхөөрөмж хийх суурь ажил гангаас эхэлнэ. Урьд нь, бид хүнд үйлдвэрлэлийг дотоодын хэрэгцээ хангах төдийхнөөр бодож байсан бол одоо экспортод, бүс нутгийн хэмжээнд нийлүүлэгч болох төвшинд ярих цаг иржээ.
Тийм бодлого гаргах шаардлага гарсан. Үр ашгийн хувьд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор бидний төсөөллөөр бүрэн утгаар ажилд орсноор ойрын ирээдүйд жилдээ таваас илүү тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулах тооцоотой. Тэгэхээр дангаараа Оюу толгойн үйл ажиллагаанаас шууд бус утгаараа хоёр дахин илүү гарч байгаа юм. Энэ бол ердөө экспортод зориулсан хэмжээ. Жишээ нь, ган төмөр гэхэд 10 сая тонн хүртэл бүтээгдэхүүн гаргах яриа байгаа. Монголд ийм хэмжээний үйлдвэрлэл гарч байгаагүй л дээ.
Гарч буй асуудал гэвэл тодорхойгүй байдал юм шүү дээ. Ер нь, аль ч улс оронд улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн орчин тогтворгүй байх нь бизнест хамгийн халгаатай. Манай улстөрчид ямар ч хуультай байсан хөрөнгө оруулагч нар гарч чадахгүй гэж үзэж байсан бол тийм биш байжээ гэдгийг өнөөгийн нөхцөл байдал харуулаад байгаа.