Д.Зоригт: Уул уурхайн салбарыг боловсруулах үйлдвэр л хөгжүүлнэ
Монгол улсын их хурлын гишүүн Д.Зоригт
2013.11.14

Д.Зоригт: Уул уурхайн салбарыг боловсруулах үйлдвэр л хөгжүүлнэ

УУЯ, ҮХААЯ хамтран зохион байгуулж байгаа "Уул уурхай, металлургийн салбарын тогтвортой хөгжил" сэдэвт  семинар үргэлжилж байна. Энэхүү семинарт уул уурхайн олборлолт, төмөрлөгийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 60 аж ахуйн нэгжийн 120 гаруй төлөөлөгчид оролцож, салбарын хууль тогтоомж, тогтвортой хөгжлийн талаар ярилцаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Зоригттой ярилцлаа.

-Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг бий болгоход эрхзүйн орчин ихээхэн нөлөөлнө гэж байгаа. Үүнийг ч өнгөрсөн богинохон хугацаанд хөрөнгө оруулагчид гарч явсан нь баталсан. Шинэ Хөрөнгө оруулалтын хууль дангаараа энэ байдлыг өөрчилж чадах уу?

-Манай улсын уул уурхай хөрөнгө оруулалтын салбарт хийх зүйл, эрхзүйн орчны хувьд сайжруулах зүйл байгаа нь үнэн. Манай улсад хэд хэдэн дутагдалтай зүйл байгааг Дэлхийн банк хэлж байгаа.

Тухайлбал,  мэргэшсэн ажилтан, технологи тааруу байгаагаас гадна татварын орчин төдийлөн тогтвортой байж чадахгүй байгааг онцолж байгаа юм. Тиймээс бидний хувьд энэ чиглэлээр ойрын хэдэн жилд дорвитой өөрчлөлт хийхгүй бол хөрөнгө оруулалтыг төдийлөн сэргээж чадахгүй. Зорьж байгаа төслүүдээ хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн бэрхшээл тулгарна.

Тиймээс үүнийг засах ажлын хүрээнд Засгийн газар, парламентийн зүгээс салбарынхантайгаа хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Ямартай ч саяхан батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль үүний эхлэл юм. Үүгээр бүх зүйл шийдэгдэж, хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй. Дараа нь бид эрдэс баялагийн салбараа зохицуулж байгаа эрхзүйн бичиг баримтуудаа эмхэлж, урт хугацаанд тогтвортой бодлого баримтлах ёстой. Үүн дээр УИХ ажиллаж байна.

Эрдэс баялагийн салбарт 2014-2025 онд баримтлах бодлогын бичиг баримт бол цаашид Ашигт малтмалын тухай хуулийн гол концепц нь болж өгөх юм. Ойрын жилүүдэд бид дэд бүтцийн салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Автозам, эрчим хүч, төмөр замын салбарт ч хийх болно. Мөн Засгийн газраас их хэмжээний санхүүжилтийг мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд зориулна. Бид үүнийг ойрын хугацаанд хийж чадвал Монголын уул уурхай, тэр дундаа боловсруулах салбарт том дэвшил гарах боломжтой.

 -Уул уурхай, металлургийн салбарын хөгжлийг хэрхэн төсөөлж байна. Одоо бид хангалттай олборлож чадаж байна, харин боловсруулах үйлдвэрийн чиглэлд ярихаас илүү гарч чадахгүй байна шүү дээ?

-Эрдэс баялагийн салбарын бодлогын гол чиг нь уул уурхайн баялагаа түүхий болон хагас боловсруулсан байдлаар гаргах биш, үүнийгээ илүү гүнзгий боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах юм.

Гэхдээ бид аль болох эрчим хүч болон усны хэмнэлттэй технологиудыг Монголдоо авч ашиглах ёстой. Тэгэхгүй бол одоо хямд үнэтэйгээр гаргаж л өрсөлдөж байна. Яаж үнийг нь өсгөх вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Энэ чиглэл рүү эрдэс баялаг, ашигт малтмалын салбарын бодлого чиглэж байгаад битгий эргэлзээрэй.

-Боловсруулах үйлдвэрлэлээ төрөл төрлөөр нь анхаарах хэрэгтэй байх. Ер нь аль ч төрлийн ашигт малтмалын хайгуулийн ажиллагаа бараг зогчихсон гэж хэлж болно. Энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

Монгол бол нүүрс, зэс, алт, занар гээд олон төрлийн ашигт малтмалаар баян улс. Уран, газрын тос ч байна. Тэгэхээр төрөлжүүлэх боломж бий

-Монгол бол нүүрс, зэс, алт, занар гээд олон төрлийн ашигт малтмалаар баян улс. Уран, газрын тос ч байна. Тэгэхээр төрөлжүүлэх боломж бүрэн дүүрэн бий. Зөвхөн нүүрсийг аваад үзье. Угаагаад кокс болгоод, тэндээс 10 гаруй төрлийн дайвар бүтээгдэхүүн гаргана.

Цаашлаад тэдгээр дагавар бүтээгдэхүүн нь гуч гаран төрлийн химийн бүтээгдэхүүн болно. Маш олон төрлийн бүтээгдэхүүнийг гаргах боломжтой. Хамгийн гол нь хоцрогдсон технологиор бүтээдэхүүнээ гаргаад байвал өрсөлдөх чадвартай байж чадахгүй. Хамгийн гол нь Монгол Улсын байгаль орчин эвдэрч сүйдээгүй байх ёстой, дээр нь нэмүү өртөг шингээхгүйгээр түүхий эд гаргахаа болих хэрэгтэй.

-Хууль эрхзүйн орчноос гадна ямар асуудал тулгамдаж байна?

-Нүүрс бол нэг л баялаг. Үүнийгээ бид хөрсийг нь хуулаад л урагш ачиж байгаа. Ганцхан компани нүүрсээ угааж, баяжмал хэлбэрээр гаргаж байна. Одоо хэд хэдэн компани хууль эрхзүйн орчны шинэчлэлийг хүлээж байгаа.

Хөрөнгө оруулалтын хуулиас харахад, экспортыг дэмжсэн, үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэх нь чухал гэж үзсэн эрхзүйн орчныг бүрдүүлж байна. Цаашдаа татварын хуульд ч ийм чиглэлийн дэмжлэг гарна. Ингэхээр нүүрс шингэрүүлдэг, кокс гаргадаг олон төсөл шууд биелэнэ. Энэ бол тийм холын асуудал биш.

-Эдгээр төслийн санхүүжилт, төлөвлөлтийг хэрхэн хийж байна. Хэдийд биелэлээ олох вэ?

-Мэдээж энэ бүхэн их хэмжээний ажил, хөрөнгө оруулалт шаардана. Энэ бүхэн хөрөнгө оруулалт болон татварын нэлээд тогтвортой орчинтой болсон цаг л бий болох боломжтой. Парламентийн зүгээс яг суурь хуулиуд дээрээ ажиллаж байна. Ганцхан зэсийн баяжмалыг л гаргаж байна. 75 хувь нь шороо, 25 хувь нь зэс байна. Бид 30 гаруй жил ийм л замаар явж ирсэн.

Хэрвээ бид цэвэр зэс гаргадаг болчихвол машин, электроникийн өчнөөн олон төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Үйлдвэрлэл хөгжүүлэх ийм замд орж чадвал манай улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт өөрчлөлт, улс оронд маань хөгжил ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Боловсруулах үйлдвэр уул уурхайн салбарыг хөгжүүлнэ.