2013.11.15

Эрдэс баялгийн бодлогын зөвлөл байгуулна

Ийгл телевизийн “Халуун сэдэв” тоймчийн хөтөлбөрөөр байнгын хороогоор хэлэлцэгдэж буй “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийн талаар тоймлон хүргэлээ.

Тоймч: Өнөөдөр эрдэс баялгийн бодлогын бичиг баримтыг батлах гэж байгаагийн хувьд төрийн хяналт оролцоог яаж томъёолох вэ гэдэг зүйл заалт гарч ирж байна. Энэ дээр төрийн оролцоо уул уурхайн салбар луу шууд яваад орчихдог. Дээрээс нь хувь эзэмшинэ, менежментийг хийнэ гэдэг. Уул уурхайгаас олсон мөнгийг халамжийн чиглэл рүү зарцуулж эхэлдэг.

Энэ нь зөв, буруу эсэхийг эргэж харах цаг болсон гэдэг асуудал яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудал дээр өнөөдрөөс эхлэн эрдэс баялгийн бодлогыг баримталснаас хойш тодорхой дүгнэсэн цэг тавигдах ёстой гэсэн зүйлийг хэлж байгаа юм.

Төрийн хяналт оролцоог энэ бодлогод хэрхэн яаж томъёолсон талаар ажлын хэсгийн гишүүн, Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбын мэдээллийг хүргэе.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлийнхэнд шилжүүлэх, хувийн мэргэжлийн холбоодууд, салбарын мэргэшсэн инженерүүд, эрдэмтэн мэргэд, судалгааны байгууллагуудынхаа судалгаан дээр түшиглэн аливаа шийдвэрийг гаргадаг хууль эрх зүйг батлахад, өөрчлөхөд энэ асуудлыг гол болгон баримталж байх эрдэс баялгийн үндэсний зөвлөл байгуулах заалт орсон нь нилээн том ахиц, дэвшил.

Эрдэс баялгийн үндэсний зөвлөл байгуулах заалт орсон нь нилээн том ахиц, дэвшил.

Цаашид энэ салбарын бодлогыг хэн нэгэн хууль санаачлах эрх бүхий этгээд гэнэт санаачлан, янз бүрийн хууль гаргаж ирээд салбарын бодлогыг үймүүлдэг байдлыг таслан зогсооно гэж найдаж байна. Тиймд эрдэс баялгийн бодлогын зөвлөл байх ёстой.

Энэ нь олон талын оролцоотой мэргэжлийн холбоодууд, иргэний нийгмийн, төрийн захиргааны болоод аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцсон томоохон зөвлөл байж байж тэр зөвлөлөөр уул уурхай, эрдэс баялгийн салбартай холбоотой эрх зүйн орчин болон татварын баримт бичгүүд бүгд зохицож явах ёстой гэдэг дээр энэ хуулийн том ач холбогдол байгаа гэлээ.