Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.11.15

Д.Дамба: Манай орон ашигт малтмалын нөөцөөр дэлхийд нэлээд дээгүүр жагсдаг

-Өнөөдрийн арга хэмжээний гол агуулга болох уул уурхайн тогтвортой хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

-Бидний хамгийн гол анхаарч, хөгжүүлбэл зохих асуудал бол эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортлох. Манай орон ашигт малтмалын нөөцөөр дэлхийд нэлээд дээгүүр жагсдаг. Эдгээрийг хэрхэн эдийн засагт өгөөжтэй, үр дүнтэй арилжаалдаг болох вэ гэдэг бидний хувьд чухал асуудал. Юуны өмнө бид судалгаа шинжилгээ сайн хийж байх хэрэгтэй.

Ялангуяа, худалдан авагч талаа маш сайн судална. Хүсэл сонирхол, металл ашигт малтмал ашиглах, боловсруулахдаа өргөн чиглэлээр ажиллах нь зөв. Нэлээд их хэмжээний хөрөнгө оруулж байж боловсруулах үйлдвэр хөгждөг учраас хөрөнгөө хуримтлуулах, ашиг олох бололцоог нь сайтар бодолцох ёстой. Тухайлбал, өнөөдөр хүдэр олборлож баяжмал болгоод бэлдэц хийдэг газар алга. Байгаа хэд нь төслийн хэмжээнд, туршилтын төвшинд ажилладаг.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" л гэхэд хаягдал төмөр дахин боловсруулдаг газар шүү дээ. Тэгэхээр тэнд технологийн шугамд нэмэлт, өөрчлөлт хийж баяжмалаа бүтээгдэхүүн болгон гаргадаг болох шаардлагатай. Тэгэхийн тулд шинэ технологи, аргачлал олж нэвтрүүлнэ. Ер нь, энэ салбарт хамгийн их хөгжсөн, дэлхийд танигдсан, ихээхэн туршлагатай компани бол Финляндын "Аутотек" юм.

-Хүнд аж үйлдвэр маш их хөрөнгө оруулалт шаарддаг салбар. Тэгвэл энд зориглож орсон хүмүүсийг яаж дэмжих шаардлагатай юм бол?

-Төрөөс баталж гаргасан Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаад, дотоодын гэдэг үндэслэлээр хөрөнгө оруулагчдыг ялгаварлахгүй. Мөн тогтвортой байдлын гэрээ гэх зүйл ганцхан гадаадыг байгууллагад л хамааралтай байсан бол одоо тийм биш боллоо.

Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчдыг татварын орчноор дэмжих нь маш чухал. Ингэснээр олборлох үйлдвэрийнхэн үйл ажиллагаагаа өргөжүүлээд боловсруулагч болоход нь .дэмжих сайн талтай. Манай улс дахь металл олборлолтоос хамгийн түгээмэл тархацтай нь төмрийн хүдэр юм. Гэхдээ энэ салбарт 20-иод аж ахуйн нэгж олборлолт явуулж байгаа.

-Металл эрдэс баялгийн хайгуулын ажлыг тасалдууллаа гэж шүүмжлэх хүмүүс байна. Энэ нь ямар үр дагавартай вэ?

-Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглочихсон байгаа нь нөөцөө нэмэгдүүлж, шинэ орд илрүүлэхэд төвөгтэй болгож байгаа. Үүнийг шийдвэрлэж, хайгуулаа эрчимжүүлэхгүй бол Монгол Улсын металл ашигт малтмалын нөөц бэлдэх үйл ажиллагаа учир дутагдалтай болох нь.

Товчхондоо, олборлолт явж байхад нөхөн хайгуул хийхгүй бол нэгэн үе металл ашигт малтмалын тоо хэмжээ хорогдох, цонх гарах эрсдэлтэйг анхааралдаа авах шаардлагатай.