Эрдэс баялгийн сан байгуулахаар тусгажээ
Ийгл телевизийн “Халуун сэдэв” тоймчийн хөтөлбөр байнгын хороогоор хэлэлцэгдэж буй “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийн талаар тоймлон хүргэлээ.
Тоймч: Орлогоо зөв зохион байгуулалттай зарцуулдаг, бусад эдийн засгийн салбаруудаа дэмждэг байхын тулд эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого дотор эрдэс баялгийн сан байгуулах санаа орж ирээд байгаа юм.
Өнөөдөр Засгийн газрын 30 гаруй тусгай сан байдаг. Гэтэл энэ тусгай сангуудын хөрөнгө хэрхэн яаж зарцуулагдаж байгаа нь нээлттэй ил тод биш, хамгийн хаалттай байдаг. Энэхүү давхацсан олон тусгай сангуудын заримыг нь цөөлөх, татан буулгах шаардлагатай гэдэг аудитын дүгнэл байдаг ч ажил хэрэг болгоогүй.
Яг энэ хөрсөн дээр эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлого батлагдмагц дахин нэг том Засгийн газрын сан байгуулчихдаг. Энэ сангийн зарцуулалт мөн л нээлттэй ил тод биш байдал руу орвол томоохон эрсдэл дагуулна гэсэн санааг хэлэх гишүүд байгаа юм.
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба: Хүний хөгжлийн сан шиг мөнгө цуглуулж аваад, буцаагаад ард түмэнд тараадаг биш энэ сан нь боловсролын салбарыг хөгжүүлэх, хойч үедээ зарцуулах гээд олон хэлбэрээр байж болох талтай.
Цаашид 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж гэж уул уурхай, эрдэс баялгийн салбарт байхгүй болно.
-Сангийн хөрөнгийг зарцуулах менежментийг хэн хийж, эрх мэдлийг хэн атгах вэ?
-Одоогоор түүнийг шийдээгүй байна. Тэр эрх мэдэл мөн л олон талын оролцоотой, нийгмийн бүх талын оролцоог хангасан тийм байгууллага байхаар л шийдэх нь зүйтэй. Ямар нэгэн төрийн захиргааны байгууллага юм уу улстөрч, сайд дарга нар тэр санг шийддэг байж болохгүй.
-Сангийн орлогыг юунаас санхүүжинэ гэж тооцож байна. Санхүүжилтийг нь яах хийх вэ?
-Ер нь бол татварын орлого. Бодлогын баримт бичигт орсон бас нэг томоохон зүйл бол төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах замаар хувьцаа гаргаж нийтэд худалдаалах замаар нийтийн эзэмшлийн болгох бодлого салбарын бодлогод орсон. Ингэснээр цаашид 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж гэж уул уурхай, эрдэс баялгийн салбарт байхгүй болно гэлээ.