Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалын хоёр дахь өдрөө “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцож, үг хэллээ.
2013.10.24

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцож, үг хэллээ

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалын хоёр дахь өдрөө “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцож, үг хэллээ. Хятадын хөгжлийн түүчээ болсон Чөнду хотноо олон улсын форумд таван орны төлөөлөгчид оролцсон юм

“Хятадын баруун бүсийн олон улсын форум"-ын үеэр

Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд 2008 оноос хойш зохион байгуулдаг болсон тус форум энэ жил “Тэнцвэртэй хөгжих, хамтаар хөгжил цэцэглэлийг цогцлоох нь” сэдвээр өрнөлөө. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Азийн бүс нутаг, хөрш орнууд тэнцвэртэйгээр, хамтаар хөгжих бүх нөхцөл бүрдсэн бөгөөд энэ үнэ цэнэтэй алхмыг Хятад улс санаачлан манлайлж байгаад баяртай байна. Хаана мэдлэг мэдээллийн охь цуглаж, хөгжлийн гарцыг хэлэлцэнэ, тэнд дэлхий дахины эрдэмтэн судлаач, бүтээгч, үйлдвэрлэгчид хуран чуулж, үнэ цэнэтэй санал санаачилга гардаг. Монгол оронтой 4000 гаруй км өргөн уудам газар нутгаар хөршилсөн энэ бүсийн хөгжил цэцэглэлтийг айл хөршийн хувьд бид ихэд олзуурхан харж байна” гэлээ.

Сүүлийн 10 гаруй жил Хятад улс манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тэргүүлэх байр эзэлж, 2011 оноос хойш стратегийн түншлэлийн түвшинд харилцаж байна. Ойрын жилүүдэд хоёр тал хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дэд бүтэц, уул уурхай, эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөр олон бий. Иймд Хятадын баруун бүс, манай өмнөд, баруун бүс нутаг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд харилцан таатай боломжууд бүрдүүлсээр байна.

“Хятадын баруун бүсийн олон улсын форум"-ын үеэр

Монгол Улс бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах баталгаатай түнш нь байж чадах орон болж байна. Монгол Улсад хөрөнгө оруулж, үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах хамгийн чухал баталгаа бол Монголын Засгийн газрын санаачилгаар сая УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтын хууль юм гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.

Оруулсан хөрөнгөөсөө хамаарч татвар төлөх тогтвортой орчин бүрдэж, хөрөнгө оруулалтын бүртгэлийг шуурхай, хүнд сурталгүй болгосон зэрэг чухал зохицуулалтуудыг энэ хуульд тусгасан. Цаашид Монгол Улс эдийн засгаа солонгоруулж, төрөлжүүлэх болно. Энэ чиглэлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл гэх мэт олон салбарт бизнесийн боломжууд их бий, харилцан ашигтай хамтын ажиллагааны хүсэл эрмэлзэл ч Монгол Улсад бий гэдгийг БНХАУ болон өнөөдрийн форумд оролцож буй бүх улс оронд нээлттэй байгааг хэлэхэд таатай байна гэж Засгийн газрын тэргүүн олон улсын хурлын индэр дээрээс хэллээ.