Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ляонин мужийн дарга Чэнь Жэнгао
2013.10.24

Ляонин муж хоёр улсын худалдааны тэлэлтэд түшиц болно

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр орой Ляонин мужид буулаа. Зочноо хүндэтгэж тус мужийн дарга Чэнь Жэнгао Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа.

Бидний өвөг дээдэстэй ойр түүхтэй энэ мужийнхан Монголд аялж жуулчлах сонирхол ихтэй ч дамжлага олонтой, хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ гарц, өргөн боломж байгаа ч тээвэр ложистикийн дэд бүтэцгүй зэрэг бэрхшээл байгааг ноён Чэнь Жэнгоа онцлоод, эдгээр асуудлыг боломжтой хувилбараар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ляонин мужийн дарга Чэнь Жэнгао

Ляонин мужийн төв Шэньян хотоос Улаанбаатар луу шууд нислэг үйлддэг болох, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос Шэньян хот руу төмөр зам татах зэрэг тодорхой саналууд одоогоор яригдаж байгаа юм. Нислэгийн тухайд, Улаанбаатар-Дорнод-Хайлаар чиглэлд нислэг үйлдэж байна.

Ерөнхий сайд энэ айлчлалынхаа хүрээнд хоёр улсын Стратегийн түншлэлийн дунд ба урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурна. Энэ хөтөлбөрт хоёр улс бүс нутгуудынхаа оролцоог нэмэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгасан. Хоёр улсын худалдааны тэлэлтэд Хятад улсын талаас түшиц болох газар бол Ляонин муж гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Монгол-Хятадын Стратегийн түншлэлийн хүрээнд Ляонин муж, Сүхбаатар аймаг бүс нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллах боломжтой тул Засгийн газрын тэргүүний айлчлалын үеэр энэ талаар тусгасан санамж бичигт хоёр хотын удирдлага гарын үсэг зурсан юм.

Уулзалтын үеэр

Ляонин муж бол зүүн хойд Хятадын цор ганц далайн боомт бөгөөд гадаад худалдаа, олон улсын харилцааны чухал цэг. Манай улсын зүүн хилтэй ойр учир Сүхбаатар аймагтай бүх талаар хамтран ажиллах боломжтой. Нөгөө талаас энэ муж Хятадын хамгийн том аж үйлдвэрийн бааз юм.

Хятадын аж үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн гавъяагаараа БНХАУ-ын “ууган хүү” гэх тодотгол нэр хүртэл зүүсэн байдаг. Чухам энд анхны илчит тэрэг, тийрэлтэт онгоц, 10 мянган тонн ачаа тээгч далайд хөвөгч танк, аж үйлдвэрлэлийн робот, тооны электрон машин зэргийг үйлдвэрлэж байжээ.

Сүүлийн үед Ляонин, Жилин, Хэйлунзянь гурван мужийг нэгтгэн томруулсан бүс байгуулах төлөвлөгөө яригдаж байгаа аж. Хятадын Засгийн газрын санаачилсан стратегийн энэ томоохон бодлого нь зүүн хойд бүс нутгийнхаа аж үйлдвэрийн баазыг орчин үеийн өндөр технологиор шинэчлэн хөгжүүлэхэд чиглэж байгаа юм байна