Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцон үг хэллээ.
2013.10.22

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад үг хэлэв

Хоёр тал тодорхой юм хийх цаг ирлээ. Энэ тодорхой ажил хоёр орны бизнес эрхлэгчдийн хүрээнд хийгдэх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнх нь урилгаар Польш Улсын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр зохион байгуулсан Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч оролцон үг хэллээ.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Бронислав Коморовски болон энд хүрэлцэн ирсэн Польш анд нөхөд, хоёр орны бизнес эрхлэгчдийн амар амгаланг айлтгая.

Ноён Ерөнхийлөгч бид хоёр дөнгөж уулзаад хамгийн түрүүнд “Хоёр тал тодорхой юм хийх цаг ирлээ” гэдэг дээр санал нэгдсэн байгаа. Энэ тодорхой ажил хоёр орны бизнес эрхлэгчдийн хүрээнд хийгдэх ёстой гэж би бодож байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Монголоос Польшид суралцан төгсөгчид болон Монголыг мэддэг польш хүмүүс, тэдэнтэй нэгдэж буй хоёр талын шинэ залуу үеийнхэн чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол, Польшийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг үр дүнтэй болгоход хоёр талаас дэмжиж ажиллах болно. Польш Улсад энэ оны эхээр хийсэн миний айлчлалын үеэр Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсан. Одоо эдийн засгийн хамтын ажиллагааны байнгын комисс байгуулагдаад байна.

Манай талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат энэ комиссыг удирдаж ажиллах болж байна. Чулуунбат дэд сайд бол Монгол Улсад хөрөнгө оруулах, Монголын эдийн засгийг либералчлах асуудлаар онцгой байр суурьтай хүн. Ийм хүн энэ комиссыг удирдаж ажиллах болсонд би баяртай байна.

Хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар ямар давуу тал байгаа талаар зарим нэг зүйлийг хэлье. Хоёр орон бие биеэ хүндэтгэсэн уламжлалт онцгой харилцаатай. Ер нь социализмын үеэс бид бизнесийн харилцаатай байсан.

Энэ харилцааг хөгжүүлэхэд Монголоос Польшид суралцан төгсөгчид болон Монголыг мэддэг польш хүмүүс, тэдэнтэй нэгдэж буй хоёр талын шинэ залуу үеийнхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Польшийн техник, технологи маш өрсөлдөх чадвартай. Энэ бол бидний хамтын ажиллагаанд байгаа бас нэг  давуу тал гэж бид үзэж байна.

Хоёр орон бие биеэ хүндэтгэсэн уламжлалт онцгой харилцаатай.

Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, барилгын үйлдвэрлэл, хүнс, эм, оёмол эдлэлийн салбарт хамтарч ажиллах боломж байна.   Дэд бүтэц Монголд маш эрчимтэй хөгжих шатандаа орлоо. Үүнд хөрөнгө оруулах боломж бий.

Товчхон хэлэхэд саяхан манай парламент Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан байгаа. Энэ хууль парламентын гишүүдийн гуравны хоёрын саналаар л өөрчлөгдөх боломжтой. Ер нь Монголд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тогтвортой байгаа гэж бид үзэж байна.

Монгол Улс Польш Улсын хувьд, польшийн бизнес эрхлэгчдийн хувьд Азийн бүс нутаг дахь хамгийн найдвартай түнш байхын төлөө ажиллах болно гэдгийг хэлье. Чуулга уулзалтад оролцогсдод амжилт хүсье. Их баярлалаа” гэв