Насос станц барихаар болов
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн
2013.10.15

Насос станц барихаар болов

Улаанбаатар хот нь Туул гол болон түүний цутгал голуудын татам хэсэгт оршдог учраас хөрсний ус ихтэй. Гол мөрний усны төвшний өөрчлөлт, жилд унах хур тундасны хэмжээнээс шалтгаалан хөрсний усны төвшин үе үе дээшилдэг  гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон байна.

Хотын зүүн хойд болон төв баруун хэсэгт хөрсний усны түвшин доошлуулах 18,3 км урттай, 0.5-1,2м хүртэлх голчтой шугам сүлжээтэй боловч шугам сүлжээний трасс дээр барилга байгууламж барих, үзлэгийн худаг шугам сүлжээг хог шороогоор дүүргэх, хөрсний бүтэц, геологийн тогтоц өөрчлөгдөх зэргээс шалтгаалан хөрсний ус зайлуулах шугам сүлжээ эвдэрч,  хэвийн горимоор ажиллаж чадахгүй хэмжээнд хүрчээ.

Үүнтэй холбогдуулан Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсээс хөрсний усны ус доошлуулах шугам сүлжээнүүдэд хэмжилт хийхэд 0,6-1,38 мм-ээр нэмэгдсэн нь тогтоогдсон байна. Өнгөрсөн онд дулааны шугам сүлжээ, үзлэгийн худаг, барилга байгууламжийн подвальд хөрсний усны төвшин 8 байршилд илэрсэн бол энэ онд 45 байршилд илэрчээ.

Эдгээрээс 38 байршлын хөрсний усыг тогтоож, төвшинг бууруулах арга хэмжээг яаралтай авахгүй бол онцгой нөхцөл байдал үүсч болзошгүй хэмжээнд хүрчээ. Хөрсний усны түвшин нэмэгдэх нь  дулааны шугамын сүлжээний усны халуун 5-10 хэм буурах, инженерийн шугам сүлжээ гаднаасаа зэврэлтэд орох, барилга байгууламжийн суурь эвдрэлд орох, гэр хорооллын жорлон, хөрсний бохирдолтой холилдон газрын гүнд тархах, ундны усны эх үүсвэр бохирдох зэрэг сөрөг үр дагавартай учраас өвлийн ид ачааллаас өмнө яаралтай арга хэмжээ авах шаардалгатай байгаа юм.

хөрсний усны ус доошлуулах шугам сүлжээнүүдэд хэмжилт хийхэд 0,6-1,38 мм-ээр нэмэгдсэн нь тогтоогдсон байна.

Өнөөдрийн байдлаар 100 айл, хотын төв хэсэг, 13-р хороолол орчмын хөрсний усны түвшин эрс дээшилсээр байгаа юм байна. Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн энэ талаар “Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаа буюу хуучнаар хүүхдийн 2-р эмнэлгийн хашаанд ажилчдын байрны зориулалтаар орон сууц барих явцад хөрсний ус зайлуулах шугам сүлжээг гэмтээснээс ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн” гэдгийг хэллээ.

Тиймээс хүйтний улиралд хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул эрсдлээс хамгаалж, хөрсний усыг соруулах, хүн хүч машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авахыг нийслэлийн удирдлагууд үүрэгдлээ.

Эхний ээлжинд нэн яаралтай хойд болон төвийн хэсгийн хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг бууруулах, хөрсний усыг тогтмол түвшинд барихын тулд дунд голын хаалттай худаг, 100 айл орчимд Сэлбэ гол дээр 220 л/с хүчин чадалтай насос станц барихаар боллоо.  Энэхүү үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Засаг даргын нөөцөөс гаргахаар боллоо.