Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.09.16

Дэд бүтэц төслийн хүрээнд хийж байгаа ажилтай танилцлаа

Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслийн хүрээнд Буянт-Ухаа орон сууцны хороололд 15000 өрхийн хэрэглээг хангах цэвэр бохир усны болон дулаан цахилгаан хангамжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийж байгаа билээ.

Энэ оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд дуусах ёстой Буянт-Ухаа орон сууцны хорооллын дулааны шугам сүлжээний ажил, цэвэр усны инженер, бохир ус, цахилгааны шугам сүлжээний ажлуудтай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан очиж танилцлаа.

200 га талбайг хамарсан Буянт-Ухаа орон сууцны хороололд инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд 57 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт найман төрлийн ажил хийхээр батлагдсан байна.

Үүнээс одоогийн байдлаар долоог нь эхлүүлжээ. Буянт- Ухаа орчимд инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээ баригдсанаар орчин үеийн тохилог 15000 айлын орон сууцны барилга, 7500 хүүхдийн сургууль, 3750 хүүхдийн цэцэрлэг, 60 ортой ахмадын эмнэлэг, өдөрт 1315 хүнд үзлэг хийх өрхийн эмнэлэг, 300 эхийн төрөх эмнэлэг, төрийн байгууллагууд, их сургууль болон спорт цогцолборын 5-21 давхар бүхий барилга обьект шинээр баригдах бололцоо бүрдэх юм.