Ц.Даваасүрэн: Төсөв тодотгоно, танана гэдэг нь эдийн засаг, бизнесээ хумиж буй нэг хэлбэр
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ оны төсөв өмнөх онуудтай харьцуулахад ямар давуу талтай болсон бэ?
-Сүүлийн гурван жилийн төсөв өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад төсвийн зарлага жил бүр 20-23 хувиар өссөөр ирсэн. Тухайлбал, 2012 онд төсвийн зарлага 6.1 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 7.4 тэрбум төгрөг болж 23 хувиар өссөн байгаа юм. Харин Засгийн газраас ирэх 2014 оны төсвийг төлөвлөж оруулж ирэхдээ энэ өсөлтийг хязгаарлаж өмнөх жилийн түвшингээс зарлагыг 169 тэрбум төгрөгөөр бууруулж төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого, зарлагыг эдийн засгийн төсөөлөлтэйгээ уялдуулан бодитой төсөөлж төлөвлөхийг эрмэлзсэн хандлага ажиглагдаж байгаа юм.
-Чуулганы эхэнд Н.Алтанхуяг сайд 2014 оны төсвийг батлахдаа хөөсөрсөн төсвийг зогсоох чиглэлээр ажиллахыг онцгойлон хүссэн. Хэрэв тэгэхгүй бол 50 ширхэг дунд сургууль барих мөнгөөр таван сургууль барихаар болж буйг анхааруулсан. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Өмнөх жилийн түвшиндээ 2014 оны төсвийг төлөвлөсөн учраас тэгж тайлбарлаж болно. Сүүлийн жилүүдэд барилгын нэгж талбайн үнэ асар өндөр хурдацтай өсөж байгаатай уялдаад сургуулийн барилгын төсөв 2-3 дахин өссөн байна. Энэ нь хоёр талтай байх шиг байгаа юм.
Үнэхээр нэгж өртгийн үнэ өссөн тал бий. Нөгөө талаар зураг, төсвийн компаниуд барилгын компаниуд буюу гүйцэтгэгчийн захиалга, лоббид автаж зохиомол өндөр төсөв зохиох хандлага ч байгаа. Жишээ нь, 500 суудалтай соёлын төвийн барилгын төсвөөс 250 суудалтай соёлын төвийн төсөв өндөр болсон байна. Ийм буруу хандлага байж болохгүй. Манай байнгын хорооноос ажлын хэсэг гараад энэ чиглэлээр ажиллаж байгаа, удахгүй байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар бодит нөхцөл байдал тодорхой болно. Үнэхээр тийм хуурамч, зохиомол төсөв захиалгаар хийдэг компаниуд байвал эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна.
-Ирэх оны төсөвт үргүй зардлууд хэр танагдаж орсон бол. Тухайлбал ямар, ямар зардлуудыг танасан бэ?
-Ирэх 2014 оны төсвийг төлөвлөхдөө тэвчиж болох, үр ашиггүй 329 тэрбум төгрөгийн урсгал зардлыг танаж төлөвлөсөн байна. Үүн дотроо бараа, ажил үйлчилгээний зардлыг 91.8 тэрбум төгрөгөөр, зээлийн үйлчилгээний зардлыг 83.9 тэрбум төгрөгөөр, эд хогшлын зардлыг 3.1 тэрбум төгрөгөөр, томилолтын зардлыг 1.4 тэрбум төгрөгөөр, төвлөрсөн арга хэмжээний зардлыг 29.6 тэрбум төгрөгөөр, сургалт, хурал семинарын зардлыг 1.3 тэрбум төгрөгөөр тус тус өмнөх оны түвшингээс бууруулахаар төлөвлөсөн байгаа.
Мөн Төсвийн хэлэлцүүлгийн явцад манай байнгын хорооноос гарсан ажлын хэсэг болон УИХ-ын төсвийн шинжилгээний алба сүүлийн жилүүдийн төсвийн өсөлттэй уялдан гарч ирсэн үр ашиггүй зардлуудыг бууруулах тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
-МАН-ын гишүүд ирэх оны төсвийн төслийг эргүүлэн татах байр суурьтай байгаагаа чуулганы үеэр мэдэгдсэн. Та цөөнхийн шийдвэрт хэрхэн хандаж байгаа вэ, та?
-Өмнөх УИХ-ууд дээр ч цөөнхийн зүгээс ийм тайлбар гаргаж л байсан. Ер нь бусад орны парламентын жишгийг харахад ч цөөнх нь маш сайн төсөв оруулж ирсэн байна, хурдан баталъя гэдэггүй. Тиймээс энэ бол байдаг л зүйл. Харин авах ёстой сайн санал байвал түүнийг нь тусгаад л явна. Бид чинь Монгол гэдэг нэг л гэрт багтаж түүнийхээ ирэх жилийн төсөв, зардлын тухай л ярьж байна. Аль нэг намын төсвийн тухай яриагүй. Тиймээс хамтдаа л шийдээд явна.
-Төсвийн зарлагыг 2013 онд 7.4 их наяд гэж тооцсоныг танаж 6.6 их наяд болгохоор тодотгол хийсэн байна?
-Тодотголын төсөл одоогоор гар дээр ирээгүй байна. Төсвийн тогтвортой байдлын хуулийн шалгуураар тодотгох нөхцөл байдал үүссэн бол Засгийн газар тодотгох саналаа оруулж ирэх журамтай. Ер нь тодотгоно, танана гэдэг бол сайн зүйл биш. Эдийн засгаа, бизнесээ хумиж буй л нэг алхам. Төсвийн зарлага, та бидний цалин, хөрөнгө оруулалт чинь компаниудын борлуулалтыг нэмэгдүүлдэг юм. Тэр зарлага багасахаар тэдний борлуулалт буурна, төлөх татвар нь багасна. Энэ бол энгийн логик. Эдийн засгийн гол хүчин зүйлүүдийн нарийн уялдааг сайн бодож алхам хийх хэрэгтэй. Одоо бол төлөвлөгөө биелүүлэхийн төлөө явдаг эдийн засгийн тогтолцоо биш. Өөрөөр хэлбэл, татварын орлогын төлөвлөгөөгөө багасгаад түүнийгээ биелүүлж баясдаг тогтолцоо биш юм.
-МАН-ынхан эдийн засаг хүнд байгаа гэж дээр дооргүй ярьж байгаа хирнээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх ёстой гэдэг. Ингэж болох уу?
-Цөөнхийн зүгээс хийх ёстой ажил л даа. Харин улс төр хийж байна гээд улс орныхоо язгуур эрх ашгийг хохироож болохгүй. Инфляцитай уялдуулж цалин хөлсний асуудлыг авч үзэж болно. Эдийн засгийн боломжоо харъя.
-Боловсролын салбарт 34 тэрбум, эрүүл мэндийн салбарт 44 тэрбум, шинээр хөрөнгө оруулалт, ажиллах хүчний зардалд 23 тэрбум гэх мэтээр урсгал зардалд 400 тэрбум төгрөгийг тусгажээ. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Боловсролын салбарын урсгал төсөв өмнөх жилтэй харьцуулахад 78 тэрбум төгрөгөөр буюу найман хувиар өссөн байгаа нь ирэх онд улсын хэмжээнд нийт 41 сургууль, 87 цэцэрлэг, 32 дотуур байр, 32 спорт заал шинээр ашиглалтанд орохтой холбоотой. Тухайлбал, зөвхөн шинэ цэцэрлэгийн багш нарын цалингийн санд 7.4 тэрбум төгрөг нэмж шаардагдах юм. Нөгөө талаар хүүхдийн тоо өсөж байгаа нь зардал өсөхөд шууд нөлөөлж байна. Жишээ нь, хүүхдийн тоо өсөж байгаатай уялдаад цэцэрлэгийн хоолны зардал гэхэд 3.3 тэрбум төгрөг, сургуулийн дотуур байрны хоолны зардал 891 сая төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байгаа.
Эрүүл мэндийн салбарын урсгал зардал 2014 онд өмнөх онтой харьцуулахад 38 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал нэмэгдсэнтэй холбоотой байна.
-Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд батлагдсан. Эдгээр хуулиуд хэрэгжсэнээр ирэх оны төсөвт хэр зэрэг нааштай үр дүн гарах бол?
-Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлсэнээр эдийн засаг, бизнесийн орчин сайжирч татварын орлого нэмэгдэнэ гэж тооцож байна. Ер нь ирэх жилээс эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч эхлэх байх.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж нар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барьсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг өргөн барьж, хэлэлцээгүй байж ирэх оны төсвийг хэлэлцэж болохгүй гэж гишүүд шүүмжилж байсан даа?
-Энэ өргөн барьсан хуулийн орон нутагт үзүүлэх нөлөөллийг сайн судалж үзэх хэрэгтэй байна. Жишээ нь, хүн амтай нь уялдуулан орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг хуваарилахад хүрвэл дийлэнх хувь нь нийслэлд хуваарилагдана гэсэн үг юм. Уг нь миний бодлоор төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт амьдрах нөхцөлийг сайн бүрдүүлэхийн төлөө санхүүгийн дэмжлэг түлхүү үзүүлэх нь илүү үр дүнтэй юм шиг.
-МАН-ын бүлгийн зүгээс Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн төсвийг оруулж ирэх ёстой. Энэ удаагийн төсөвт урсгал зардлыг нэмэгдүүлсэн байна гээд байгаа нь хэр үнэний ортой вэ?
-2010-2012 онуудын төсвийг харвал урсгал зардал жилд дунджаар 22-43 хувиар өссөн байна. Харин 2013 оноос 10 хувь, 2014 онд найман хувь болж өсөлт буурч байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэлд төлөвлөснөөс 29 тэрбум төгрөгөөр буурсан байгаа.
-2014 оны төсвийг УИХ-аар хэлэлцлээ. Гишүүдийн байр суурьнаас харахад төсөвт өөрчлөлт оруулах зүйлс нь юу юу байх бол?
-Төсвийн эхний хэлэлцүүлгийн үед зарим нэг гишүүдийн зүгээс "Гишүүний нэг тэрбум" гэдэг зүйлээ санагалзаж байгаа нь ажиглагдсан. Одоо гишүүд нэг тэрбум төгрөг авч би тийм зүйл хийлээ гэж PR хийдэг зүйл өнгөрсөн. Төсвийн шинэ хуулиар энэ мөнгийг орон нутгийг хөгжүүлэх сангаар дамжуулан хуваарилж тухайн орон нутгийн иргэдийн санал, хэлэлцүүлгээр шийдэж зарцуулдаг болсон. Энэ бол зөв зарчим юм. Гишүүний гэх тодотголтой энэ мөнгөнөөс болж зарим гишүүн хэрэг төвөгт холбогдсон асуудал ч гарсан. Тиймээс цаашид иймэрхүү байдлаар төсвийн мөнгийг зарцуулж болохгүй. Харин тойргоос сонгогдсон гишүүдийн тойрогт ажиллах зардлын асуудлыг намын жагсаалтаар сонгогдсон гишүүдтэй адилтгаж авч үзэж болохгүй.
-МАН-ынхан эрүүл төсөв гаргахын тулд нэлээд нухацтай хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Төсвийн төсөл эрүүл бус гарсан байсан юм уу?
-Ямар шалгуураар тэгж хэлсэн юм бол доо. Төсвийн ерөнхий хөл дүнгүүд өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан талаас нь дүгнэвэл харин ч эрүүл төсөв болсон. Өрийн шалгуураар авч үзвэл ярилцах зүйл бол байгаа байх. Тэр нь эрүүл бус гэсэн үг биш юм. Олон улсын түвшинд гадаад өрийн дарамтыг долоон шалгуур үзүүлэлтээр тодорхойлдог. Үүний гурав нь нэгэн зэрэг муудвал өрийн дарамтад орж байна гэж үздэг. Манай орны хувьд зөвхөн өр, ДНБ-ий харьцаа л сэрэмжлэх түвшинд ойртсон байгаа. Тиймээс одоогоор аюул нүүрлэсэн зүйл гадаад өр дээр байхгүй.