“Ерөнхий сайдын 30 минут”-ын гол сэдэв 2014 оны төсвийн төслийн тухай байлаа
Ерөнхий сайдын 30 минут
2013.10.10

“Ерөнхий сайдын 30 минут”-ын гол сэдэв 2014 оны төсвийн төслийн тухай байлаа

Пүрэв гариг бүрт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн өдрүүдэд болсон зарим үйл явдлын талаар онцоллоо.

Олон жилийн турш орон нутагт зохион байгуулсан “Адуучин” тэмцээнийг улсын хэмжээнийх болголоо. Монгол бахархал болсон адууны соёл, адуучин залуусын эрдэм чадлыг гадаад, дотоодын жуулчдад сонирхуулахаар төлөвлөж Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж эхэллээ гэж Ерөнхий сайд хэллээ.

Ерөнхий сайдын 30 минут

Сар бүрийн хоёр дахь долоо хоногт зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт “Төсвөө шинэчилье” сэдвийн дор зохион байгуулсан. Засгийн газраас өргөн барьсан 2014 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж асуулт хариулт өрнөж байна гэлээ.

Монгол Улсын төсөв 2011 онд 2 их наяд төгрөгөөр огцом нэмэгдсэн. Үүнээс хойш төсвийн зарлага байнга  өсөж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар зүрх, сэтгэл гаргаж төсвөө буулгая, зардлаа багасгая гэж зорьж, зардлаа танасан төсөв өргөн барьсан гэдгээ хэвлэлийнхэнд хэллээ. Ирэх онд 7,4 их наяд төгрөгийн зардал гарна гэсэн тооцоог хийсэн ч 7,2 их наяд буюу төлөвлөснөөсөө 200 тэрбум төгрөгийн хэмнэлттэй, төсвийн төслийг УИХ хэлэлцэж байгааг Ерөнхий сайд онцолж байлаа. Тэрбээр 2013 оны төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд УИХ-д өргөн барина гэдгийг ч хэлж байв.

Хан-Уул дүүрэгт баригдаж буй эмнэлгийн барилга 17 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр эхэлсэн ч өнөөдөр 31 тэрбум төгрөг болчихоод байна. Зэргэлдээ гурван суманд сургууль барихад барилга тус бүр тэрбум төгрөгийн зөрүүтэй болжээ. Энэчлэн тэрбум төгрөгийн нарийвчлалтай болсон жишээ олон байна. Ийм замбараагүй байдлыг цэгцэлж, төсөв зардлаа хянах бололцоо байгаа. Хэвлэл мэдээллийнхэн төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байгаа ийм үйлдэлд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий сайд зөвлөж байлаа