УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.10.07

С.Бямбацогт: Цөөнхөө сонсохгүй шийдсэн асуудал нь алдаатай байсны горыг амсч байна

МҮОНТВ-ийн “Ярилцъя” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцож, Хөрөнгө оруулалтын хуулийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын хууль гадны хөрөнгө оруулалтыг үлдэж буй хэсэгхэн хугацаанд нааштай үр дүнг хэр зэрэг авчирна гэж та үзэж байна вэ?

-Хөрөнгө оруулалтын хуулийн томоохон давуу тал нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг адилхан үзэж, татварын тогтворжилтын орчин, татварын хөнгөлөлттэй тодорхой нөхцлүүдийг бий болгох асуудлыг шийдсэн.

Засгийн газраас өргөн барьсан хуулийн онцлог нь монгол улсад 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалтыг хийсэн компанид татварын хөнгөлөлт, тодорхой тогтворжилтын орчин нөхцөлийг бий болгохоор зааж оруулж ирсэн.

Энэ нь томоохон аж ахуйн нэгж байгууллага, гадны компаниудыг дэмжиж, дунд болон бусад аж ахуйн нэгжийг дэмжих бодлого орхигдсон байсныг УИХ засаж тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтыг хийвэл татварын тогтворжилтыг бий болгоё.

Мөн бүс нутгийн ялгаагүй, эдийн засаг, бизнес, дэд бүтцийн хамгийн сайн орчинтой газар хөрөнгө оруулалтууд ордог. Бусад дэд бүтэц, эдийн засгийн хөгжил султай бүс нутагт хөрөнгө оруулалт хийвэл урамшуулах тогтолцоог оруулсан.

Бүс нутгаар нь Улаанбаатар, төвийн, хангайн, зүүн, баруун бүс гэсэн байдлаар хамгийн хөгжил султай бүсэд хөрөнгө оруулалт хийвэл тогтворжилтын хугацаа урт, хөрөнгө оруулалтын хэмжээ бага байхаар, Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийвэл тогтворжилтын хугацаа богино, хөрөнгө оруулалтын хэмжээ их байхаар аль болох уян хатан зохицуулалт хийж баталсан.

-Таны хувьд баруун хязгаараас сонгогдсон. Баруун бүсэд хоёр тэрбум байхаар босгыг тогтоож хуульд заасан.

-Улаанбаатар хотод уул уурхайгаас бусад салбарт 15 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийвэл таван жилийн тогтворжилтын гэрчилгээ олгох бол баруун бүсэд хоёр тэрбумаас эхэлж байгаа. Ийм байдлаар бүс нутгуудынхаа хөгжлийн ялгаанаас хамаарч бүс нутгаа тэнцвэртэй хөгжүүлэх бодлогыг хуулиараа суулгаж өгсөн.

-Гадныхны хувьд бас нэг хүлээлттэй байгаа хууль бол ашигт малтмалын тухай шинэ хуулийн төсөл. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Уул уурхайн салбар, өндөр орлого, ашигтай. Гэтэл бусад салбарууд зөвлөх үйлчилгээ, нийтийн хоол, худалдааны салбар маш бага ашигтай ч зардал өндөр, үйл ажиллагааны хөдөлмөр зарцуулалт ихтэй байдаг. Гэтэл ажиллах хүчнээс эхлээд бүгд уул уурхай руу явдаг.

Тэнд нь татварын ялгаа байхгүй учраас тэр салбараас хэт их хуримтлал бий болгосон хүмүүс бусад салбарлуугаа шилжиж, нөгөө ажил амьдралаа авч яваа хүмүүсийг ажилгүй болгох үзэгдлүүд сүүлийн үед газар авч байгаа. Тиймд энд ялгавартай татварын бодлого зайлшгүй байх ёстой.

-Дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханш буурсан ч бид гаргаж буй нүүрснийхээ тоо хэмжээг нэмэгдүүлснээр энэ хүндрэлийг давах бололцоотой гэж Засгийн газар тооцож байна. Эмзэглүүлж буй зүйл бол урьдчилж мөнгө аваад тараачихсан. Хөгжлийг гацааж буй хоёр, гурван төсөл амлалттай холбоотой зүйлүүд юм биш үү?

-Амласан гэж яривал аль аль нь амласан. Хэрэгжүүлсэн гэж яривал 2008-2012 онд АН, МАН хамтарсан Засгийн газар байгуулж, өнөөдрийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайдыг нь хийж хэрэгжүүлсэн.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан ард түмэндээ хуваарилах, зээл авах, орлого бий болгох бүх ажлыг Н.Алтанхуяг сайд гардан ажлын хэсгийг нь ахалж ажилласан. Иймд алдаагаа хамт хүлээж, амжилт байвал хамтдаа гавьяаг нь хүртэх зарчмыг барих ёстой.

-Сөрөг хүчний хувиар амлалтын улс төрөөс больё, татгалзъя гэсэн санаачилга гарч байгаа болов уу?

-Үүнийг бид сонгуулийн хууль, төсвийн хууль гээд олон хуульд суулгаж өгсөн. Цаашид амлалтуудыг болохгүй юм байна. Олсон орлогоо дор нь хуваагаад, ирээдүйд олох орлогоо барьцаанд тавьж хуваах нь буруу гэдгийг өнгөрсөн УИХ-ууд бүгд ойлгон, засаж залруулах хуулиа хийгээд хэрэгжүүлээд явж байгаа.

Алдаагаа хамт хүлээж, амжилт байвал гавьяаг нь хамтдаа хүртэх зарчмыг барих ёстой.

Цаашид байгалийн баялгаас олж буй орлогоо яаж хуримтлуулах, хуримтлуулснаа өсгөж, арвижуулах, өсгөж арвижуулсан хэсгээс нь ард иргэд, улс орныхоо хөгжилд зарцуулахад анхаарал тавьж ажиллаж байна. Энэ жилийн эдийн засгийн хүндрэл экспортын бараа бүтээгдэхүүний орлого муугаас боллоо.

Гэхдээ засаж залруулж болох байсан ч харамсалтай нь удаан ажиллаж байгаа. Өнгөрсөн оны төсөв, мөнгөний бодлого батлахад УИХ дахь цөөнхөө оролцуулахгүйгээр, цөөнхийн гишүүдийг байнгын хороонд харьяалуулахгүй, бүлгийг нь байгуулж өгөхгүйгээр бүх төсөв, мөнгөний бодлого, нийгэм эдийн засгийнхаа үндсэн чиглэлийг баталсан.

Хүч түрж, цөөнхийнхөө санаа бодлыг сонсохгүй шийдсэн асуудал нь эргээд алдаатай байсан нь илэрч эргээд бүх алдаа дутагдлынхаа горыг амсч байна. Ирэх долоо хоногоос ахиад төсвийн тодотголын асуудал ярина. Энэ оны төсөв 1,5 их наяд төгрөгөөр тасрах болж байна. Үүнтэй холбогдуулж урсгал зардлаа бууруулах, хөрөнгө оруулалтуудаа царцаах асуудлууд яригдана.