Транзит тээврийг хэрхэн хөгжүүлэх вэ?
Ийгл телевизийн “Халуун сэдэв” нэвтрүүлгээр Транзит тээврийг хэрхэн хөгжүүлэх вэ? сэдвийн хүрээнд ярилцлаа. Нэвтрүүлэгт Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба оролцлоо.
-Бид хөгжлийн ямар үе шатандаа явж байна вэ. Өөрсдийн хийх ёстой зүйлүүдээ хэр зэрэг хийж чадсан түвшинд өнөөдрийн транзит тээврийн асуудлыг ярьж байна гэж үзэж байгаа вэ?
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба:
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан үед нүүрсний тээврийн асуудал чухал байгаа. Нүүрснийхээ тээврийн зардлыг бууруулах шаардлагатай энэ үед монгол улсын нутаг дээгүүр хоёр хөршийн транзит тээврийг явуулах тухай гурван талын хурал болж байна.
Гэхдээ энэ нь сайн муу хоёр талтай. Сайн тал нь манайх шиг далайд гарцгүй орны хувьд далайд гарцтай хоёр том орны дунд дамжин өнгөрүүлэх, сэлгэн ачих хоёр замын өргөн нарийн царигийг холбож буй тэр зангилаа нь монгол улсын нутаг дэвсгэр дээр байгуулах гэж байгаа нь сайшаалтай хэрэг.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан үед нүүрсний тээврийн асуудал чухал.
Үүнээс бид татгалзах ёсгүй. Муу тал нь гэвэл ОХУ-аас урд хөршид нийлүүлэх нүүрсний хэмжээ эрс нэмэгдэх, ямар нэгэн саадгүй явах бүх боломжийг бүрдүүлж өгч байгаа. Ингэснээр манай улсын нүүрсний экспортод асар том өрсөлдөгчийг бий болгож байна.
-УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүү ахалж байгаа. Г.Батхүү гишүүн төрийн ордонд болсон эрдэм шинжилгээний бага хурлын үеэр транзит тээврийг хөгжүүлэхийн ач холбогдлын талаар тодорхой тайлбарласан.
УИХ-ын гишүүн Г.Батхүү:
Транзит тээврийг хөгжүүлэх нь монгол улсын төрийн бодлогын томоохон асуудал мөн гэдэг дээр УИХ, Засгийн газраас онцгой анхаарч ажиллаж байгаа. Ажлын хэсэг хоёр хөршийн энэ чиглэлээр баримталж буй бодлого, цаашид авах гэж буй арга хэмжээний талаар судална.
Транзит тээврийг хөгжүүлэх нь монгол улсын төрийн бодлогын томоохон асуудал.
ОХУ, Хятад хоёр орон ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хоорондоо худалдаалах, солилцох гэрээ тэр дундаа төмөр зам, авто зам, агаарын тээвэр, хийн хоолойн тээвэр, эрчим хүчний шугам мөн холбооны шугам харилцаануудыг хоорондоо холбогдох чиглэлээр асуудлаа тохирсон байгаа гэсэн мэдээллийг албан ёсоор авсан.
Энэ асуудалд монгол улс оролцох боломж нь нээлттэй байгаа энэ цаг үеийг бид ашиглах нь зүйтэй. Монгол улс ихээхэн хэмжээний баялаг түүхий эдээ борлуулж, их хэмжээний орлого олно. Гэхдээ энэ бол мөнхийн зүйл биш, хэзээ нэгэн цагт дуусна. Тэгэхэд монголоор дэлхийн хэмжээний том ачаа эргэлт эргэдэг.
Транзит тээврээсээ ихээхэн хэмжээний ашиг олдог байвал цаашдаа монгол улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого бүрдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж авна. Хэрэв цаг хугацааны хувьд хоцорч, энэ замууд, урсгалууд монголыг тойроод явчихвал дараа нь бид түүнтэй өрсөлдөх чадвартай холболтыг хийж монголоор дайруулж гаргах боломж дутмаг гэж үзэж байгаа гэв.